Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 48 дугаар зарлиг, МХЕГ-ын даргын 179 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 14 хоногийн аян зарлан аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд хяналт шалгалтыг эхлүүлжээ.

Уг хяналт шалгалтанд аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын 140 гаруй улсын байцаагч, байгаль хамгаалагчид, цагдаагийн ажилтнууд, байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын мод, модон материалын 9 зах, иргэд хамруулан шалгасан байна.

Энэхүү шалгалтын явцад нийт 148 зөрчил, дутагдал илрүүлж 146-г газар дээр нь арилгуулж, 82,821.8 мянган төгрөгийн торгууль, 11,710.2 мян төгрөгийн нөхөн төлбөр, 672.3 м3 мод, модон материал, 50 шуудай түлээ, 365 ширхэг дүнзийг тус тус хурааж, 2 автомашин, 7 хөрөө, 3 сүхийг улсын орлого болгож, 23 иргэн, ААНБ-д эрүүгийн хэрэг үүсгэн цагдаад шилжүүлж, улсын байцаагчийн 20 акт, 159 заалттай 29 албан шаардлагыг тус тус гаргаж хүргүүлжээ.

Мод бэлтгэх, тээвэрлэхдээ зохих эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр үйл ажиллагаа явуулах, Зохих эрхийн бичигтэй боловч зориулалт өөрчилж мод бэлтгэсэн, Бичиг баримтад заасан тоо, хэмжээг хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн зөрчил нийтлэг байсан аж.

Мөн тарваганы мах авч явсан хоёр иргэнийг “Амьтны тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 768,0 мянган төгрөгний торгууль ногдуулан барагдуулж, дөрвөн тарваганы мах худалдан борлуулж байсан иргэн Д-г Цагдаагийн хэлтэст шилжүүлэн, зургаан ширхэг тарваганы нойтон махыг хурааж Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд шинжлүүлэхээр өгөв.

Нисэх, Яармагийн товчоо, Баруун туруун, 22, Эмээлт, Баянзүрхийн товчоодоор дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн автобусыг шалган, жолооч, зорчигчид тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөлгөө өгч, сэрэмжлүүлэх хуудас тараан ажиллаж байгаа юм байна. 

 

Х.Даваа