Унадаг дугуйчин Ч.Мөнгөндалай  2014 оны 06 сарын 07 – ны өдөр Улаанбаатар хотоос гарч Монгол улсын баруун аймгуудаар 5500 км тойрон аялахаар аян замдаа гарсан билээ.

Түүний аялал 98 дахь хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн 1 000 дахь км-тэй оржээ. Одоогоор Хөвсгөл аймгийн нутагт Мөрөн суманд ирээд байна. Тэндээ 2 хоног буудаллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж Хөвсгөл далайд усан завьтай аялал хийхээр төлөвлөж байгаа аж.

Түүнийг  Хөвсгөл аймгийн залуучуудын холбооны дарга Б.Мөнгөн–Эрдэнэ, тэргүүлэгч гишүүд, засаг даргын тамгын газрын холбогдох удирдлагууд угтан авсан байна. Манай Монголчууд хэзээнээсээ л найрсаг зочиломтгой зангаараа дэлхийд гайхагддаг. Үүний баталгаа болж Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь найрсаг угтаж цай хоолоор дайлж, халуун сэтгэлийн дулаан үгс, хандив тусламж үзүүлсээр байсан билээ. Ийнхүү сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэг, хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэсэн чин хүсэл, тэвчээр хатуужлаараа  сүүлийн 1000 дахь км – тээ орж чадлаа. Гэсэн ч сүүлчийн тэмээний ачаа хүнд. Тэрээр олон хоног урт замыг туулж замын зардал, хоол ундны мөнгө нь дууссан байна.  Тиймээс тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнэээр тусласан нь дээр гэсэн сайхан үгийг санаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх чин хүсэлдээ хөтлөгдөн яваа хөгжлийн бэрхшээлтэй Ч.Мөнгөндалайд тусламж үзүүлээрэй.

Хэлгүй дүлий, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг цог золбоо, зориг, хүсэл мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байвал зорилгодоо хүрэхэд  юу ч саад болдоггүйг олон залууст нотлон харуулж буй Ч.Мөнгөндалайн аялал амжилттай дуусах болтугай.