Испанийн Гранада хотод насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ.

Буудлагын дэлхийн аваргын өчигдөр явагдсан 25 метрийн стандарт гар бууны залуучуудын дасгалд СМ Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын баг 1660 оноогоор түрүүлж, залуучуудын дэлхийн аварга болж тэргүүллээ.

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй мэргэн буучид хэдхэн хоногийн өмнө мөнгөн медаль хүртээд байсан бол эрэгтэй гар буучид Монголынхоо төрийн дууллаа Испанийн Гранада хотод эгшиглүүлж чадсан юм.

Монгол улсын баг 1660 оноо, Швейцарийн баг 1651 оноо, Хятадын баг 1650 оноогоор удаахь байрт шалгарлаа.

Нийт 32 буудагчаас хувийн дүнгээр
СМ Г.Буянбаатар 554 оноогоор 7 дугаар байр
СМ О.Төгөлдөр 553 оноогоор 9 дүгээр байр
СМ Ш.Буянзаяа 553 оноогоор 10 дугаар байрт шалгарлаа.

2010 онд залуучуудын дэлхийн аваргаас ОУХМ Ц.Хонгорзул алтан медалийг эх орондоо авчирсан. Харин эрэгтэйчүүдийн хувьд анхны медаль билээ.