Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ойртуулах, Нийслэлийн алсагдсан хороодын ажил хайгч иргэдэд хүрч үйчлэх зорилготой Явуулын Хөдөлмөрийн бирж ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүргийн 19 хороонд ажиллаж нийт 895 ажил хайгчийг бүртгэснээс 368-ыг нь цагийн болон байнгын ажлын байранд шууд зуучилсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлж, ажил олгоч байгууллагуудад чирэгдэл үүсгэхгүй найдвартай ажиллаж байгаад нь иргэд, ажил олгогч нар сэтгэл хангалуун байгаа юм.

Мөн Явуулын Хөдөлмөрийн биржтэй хамтарч ажиллах санал дүүрэг, хороодын удирдлагууд болон төрийн бус байгууллага, ажил олгогчдоос ихээр иржээ. Тухайлбал Чингэлтэй дүүргийн төвийн 6 хорооний иргэний танхимын ажилтнуудын хүсэлтээр тус дүүргийн 4-р хороонд ажилласан бол энэ сарын 16-17-нд Улаанбаатар хотын захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дэх ажлын албаны хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо нь хүн ам ихээр төвлөрсөн гэр хорооллын хороо учир байнгын ажил хайгчийн тоо харьцангуй өндөр байсан юм.