2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш МАН-ын томчууд гадаадад амьдрах болсон. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр эх орондоо ирж, “Балдорж шагнал” гардуулах ёслолын ажиллагааг нээж үг хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Миний дотны анд, Монголын сэтгүүлзүйн нэрт зүтгэлтэн Ц.Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаа дахь удаагаа болж байна. Монголын сэтгүүл зүйн түүчээ тогоруу, чөлөөт сэтгүүл зүйн гэрэлт тугийг баригч, Монголын хэвлэл мэдээлэлд аливаа шинэ бүхний шанг анхлан татагч байсныг бид сайн мэднэ. Түүний гэгээн гэрэлт үйлс унтаршгүй мөнх юм, хүсэл эрмэлзлэл нь дуусашгүй үргэлжлэхийн нэг илрэл нь сэтгүүлзүйн шилдгийг шалгаруулдаг энэ ёслол юм. Одоогоос зургаан жилийн өмнө Балын маань сан байгуулах үйл ажиллагаа болсон юм.

Балын маань гэгээн дурсгалыг мөнхжүүлэн, чөлөөт хэвлэлийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, нийгэмд шударга ёс тогтоох дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд оролцож байснаа дурсан санахад маш таатай байна. Бидний тавьсан хүсэл зорилго өнөөдөр биелэлээ олж байна” гэсэн юм.