Өнөө жилийн наадмаар улсын цолны болзол хангасан, цол ахиулсан бөхчүүдээс хоёр нь допингийн шалгалтад бүдэрсэн гэдгийг Үндэсний бөхийн холбооныхон хүлээн зөвшөөрсөн билээ.

Гэвч допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг энэ сарын 25-нд олон нийтэд мэдээлнэ гэсэн боловч мэдээлээгүй байна. Үндэсний их баяр наадмаас хойш гурван сарын хугацаа болох гээд байхад өнөөдрийг хүртэл допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлахгүй байгаа нь олны дунд таамаг, хардлага эргэлзээ төрүүлсээр байна. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд допинг хэрэглэсэн бөхчүүд хэн байж болох талаар янз бүрийн таамаглал хөвөрч эхэлсэн юм. Эдгээр таамаглалаас гурван хүний нэр хүчтэй яригдаж эхэлжээ. Тухайлбал, Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Б.Пүрэвсайхан, Улсын начин Л.Лха-Очир нарын нэр хамгийн их яригдаж байгаа аж. Харин тэд допингийн талаар өөрсдийнхөө байр суурийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд илэрхийлжээ.
Өнгөрсөн наадмын түрүү бөх шинэ арслан Н.Батсуурь хэлэхдээ “Үндэсний бөхийн холбооноос над руу огт яриагүй. Шинжилгээний хариу ч ирээгүй байгаа. Шинжилгээний хариу ирэхээр үнэн, худал нь тодорхой болно. Тэр цагт нэр төрөө сэргээлгэнэ. Энэ жил би эм ч уугаагүй. Допингийн талаар хангалттай мэдээлэлтэй. Өнгөрсөн жил ч шинжилгээ өгсөн” гэсэн юм. 

Харин шинэ харцага Б.Пүрэвсайханы багш улсын заан Ц.Мягмарсүрэн “Манай Сайханаа тийм зүйл хэрэглээгүй ээ. Багшийнх нь хувьд баттай хэлж байна. Бэртэж гэмтээгүй. Эм тариа хэрэглэсэн эсэхийг нь мэдэхгүй юм” хэмээсэн байна.

Тэгвэл шинэ начин Л.Лха-Очир “Хэн тийм юм яриад явдаг юм бол. Худлаа мэдээлэл байна. Холбогдох байгууллагууд нь мэдээлэл хийж, хэрэглэсэн гээд байгаа хүмүүсээ зарласны дараа учир нь олдох биз. Худлаа мэдээлэлд анхаарал хандуулсан юм алга” гэсэн аж.

Допингийн шинжилгээний хариу гарч, хоёр хүний нэрийг зарлах нь Монголчуудын уламжлалт соёл болсон үндэсний бөхийн хүрээнд маш том цохилт болох биз ээ. Тиймээс энэ бүхнийг бөх сонирхогчид, бөхчүүд сэтгэл түгшин хүлээж байгаа гэхэд болно.