Эрүүл мэндийн газраас аймгийнхаа эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг Мандал суманд энэ сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулав. 

Уг зөвлөгөөнөөр “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил”-ийн ажлаа дүгнэж, Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн жилд хийх ажлыг, Аймгийн Засаг даргын 02 дугаар сарын 27-ны өдрийн А/68 тоот захирамжаар батлагдсан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн аймгийн төлөвлөгөөтэй уялдуулан цаашид салбарынхаа бүх түвшинд хийх ажлын зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ.

Удирдах ажилтны зөвлөгөөнд ЭМЯ-ны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, АШУ-ны доктор, профессор Т.Эрхэмбаатар, ЭМШУИС-ийн АУС-н эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн багш, магистр Т.Амартүвшин, КНАГ-ын нярайн чанарын менежер, нярайн эмч Ж.Эрдэнэчимэг, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Мандал сумын Засаг даргын орлогч н.Мөнхсүх зэрэг албаны хүмүүс урилгаар оролцож, нэгдсэн эмнэлгүүд, сум дундын эмнэлгийн ерөнхий эмч, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч нар болон өрх, сум, тосгон, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дарга нарын нийт 80 гаруй хүн хамрагдлаа.

alt

Зөвлөгөөний эхэнд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил”-д хийсэн ажил, 2014 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа товч танилцуулж мэдээлэл хийсэн бөгөөд 2013 онд хийсэн ажлаараа салбартаа тэргүүлж бусдыгаа хошуучилж ажилласан Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Баянгол сумын эрүүл мэндийн төвийг “Тэргүүний хамт олон”-оор шалгаруулж “ӨРГӨМЖЛӨЛ” гардуулсан юм.

Мөн 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй, халдварт өвчнийг бууруулж ажилласан Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Орхонтуул, Түшиг, Номгон, Түнхэл, Хэрх сум, тосгоны ЭМТ-дэд “ДУРСАМЖ” гардуулсан.

alt

Тус зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн салбарын удирдлагууд Мандал сумын нэгдсэн эмнэлгийн эх, хүүхдийн тусламж үйлчилгээний байдалтай танилцаж харилцан туршлага солилцлоо.

alt

alt

ЭМЯ-ны мэргэжилтэн, эрдэмтэн багш нар 2013 онд Монгол улсын хэмжээнд гарсан эхийн эндэгдлийн байдалд хийсэн дүгнэлт, Жирэмсэн үеийн дархлалын тогтолцоо болон даралт ихсэх эмгэг, эмийн хэрэглээ, нярай болон дутуу нярайд үзүүлэх тусламж, сэхээн амьдруулалт, Перинаталь үед ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох, ургийн бүтэлт, тархины цусан хангамж хүчилтөрөгчийн дутагдал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, цаашид анхаарах зүйлсийн талаар харилцан ярилцаж, зөвлөлдсөнөөр үйл ажиллагааг өндөрлөсөн юм.

alt