Н.Алтанхуяг сайд чуулган эхлэхтэй зэрэгцээд өөрийгөө хамгаалж, цаг хожих байдлаар  Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлчихээд, сэтгүүлчдэд мэдээлэл хийчихлээ.

Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд маань суудлаа хамгаалж, цаг хожихын  тулд энэ бүгдийг хийв бололтой. Засгийн газрыг огцруулах тухай асуудал яригдаж, энэ асуудал бүр ч хүчтэй өрнөж ахуй цагт үүнээс өөр арга зам түүнд байхгүй байсан хэрэг болов уу. Гэсэн ч Засгийн газрыг унагах ажиллагаа зогсохгүй, харин ч улам идэвхижих хандлага бий боллоо. 

 

       Тухайлбал, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж Дэд бүтцийн хөгжлийн яам болгосон байна. Уул уурхайн яам Эрчим хүчний яамыг нэгтгэснээр Геологи уул уурхай, эрчим хүчний яам болгож, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэснээр Сангийн яам болж өөрчлөгдөх юм байна. Харин Эдийн засгийн хөгжлийн яамны харьяан дахь Гадаад хөрөнгө оруулалтын газар зэрэг зарим газрыг Гадаад харилцааны яаманд нэгтгэж, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд тус яамыг удирдах юм байна. 

 

       Энэ өнгөн байдлаас харвал хаях хонхор олдохгүй болсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар лав далд орох магадлал байна гэж харж болох. Эдний араас “муу”-гийн жагсаалтад явж байсан Зам тээврийн сайд, Барилгын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил нар ч жороороо л орж ирж байна, аа бас. Энэ бол манай Ерөнхий сайдын муу аргынх нь мэдрэмж гэхүү дээ. 

 

       Сөрөг хүчин болон бусад улстөрийн хүчин, ард түмэн гээд дээр нэр дурдсан сайдуудад ам муутай, заримыг нь бүр үзэн ядаж байсан. Ерөнхий сайд маань үүнийг олоод харчихгүй юу. Түүнээс биш, ажлаа хийж чадахгүй байгаа Ц.Оюунгэрэл, С.Эрдэнээс эхлээд олон сайдыг нэрлэчих юм бол түүний Засгийн газар огцорч байгаатай яг адил болно. Нөгөө талаар ард түмний дунд нэлээд нэр гайгүй яваа зарим нэг сайдын яамыг нэгтгэхээр оруулаад ирвэл засгийг огцруулах гал улам ширүүснэ гэдгийг тэр сайтар тооцоолсон хэрэг. 

 

       Гэхдээ энэ байдал нь Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь аврах зүйл бол биш. Энэ асуудлыг холбогдох бүхий л байгуулага болон УИХ-д оруулж, цаг хожих гэсэн Н.Алтанхуягийн санаа болохоос биш, тэдэнд хариуцлага тооцоод буулгачих зүйл биш л болов уу.  

 

      Мэдээжийн хэрэг Н.Алтанхуягийн цаад санаа бол юутай ч ийм мэдээлэл хийгээд УИХ-д хуулийн төслийг өргөн баръя. Энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах гэж нэлээдгүй цаг орох байх. Намын бүлгүүд, Байнгын хороод гээд дамжин хэлэлцэж байтал Шинэ жилтэй золгож, өвлийн сарыг үзэх гэсэн санаархал байхаас хаа зайлхав. Үүний дараа мөн л ирц бүрдэхгүй, зарим хуралдаанаар гацааж байтал Цагаан сар болж, улмаар урины үзүүр үзнэ. Шагнал гардуулах нь гардуулж дараагийнхаа сонгуулийн ажиллагааг идэвхжүүлэх гээд цаг хожих арга зөндөө. Ийн манаргаж байтал өнөөх морь мал хэдэн бөхчүүд гээд наадмууд залгаад намар өвлийн завсараар л улстөр эхэлнэ. 2015 оны сүүл болчихсон энэ үед ямар ч улстөрийн хүчний зүгээс Н.Алтанхуягт санаа тавих хүн олдохгүй. Тэрээр энэ бүгдийг тооцолж нохой арга хэрэглэж байгаа нь бүх зүйлээс илт харагдана. 

 

      Тэгээд ч сөрөг хүчний зүгээс зургаан яам нэгтгэж гурав болгох энэ аргыг  хүлээж авахгүй нь мэдээжийн хэрэг. Бие даагчдын зөвлөл гээд ихэнх фракц бүлэглэл Н.Алтанхуягийн энэ санаархлыг хүлээж авахгүй гэдгийг тэрээр сайн мэдэж байгаа. Энэ бүгдээс үүдээд туйлын муу ажилласан Засгийн газрыг унагаах, хариуцлага тооцох ажиллагаа улам идэвхижиж таарна, одоохондоо. Гэхдээ Н.Алтанхуяг нарын энэ цаг хожих арга бол тэдний хувьд хамгийн зөв гарц. Тэд энэ гарцаараа амжилттай явж гэмээнэ хаврын урийг үзэж баяр наадамтай лавтай золгуулчихаж мэднэ. 

 

А.Гал