Намрын чуулган халуухан эхэлж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг шинэчлэх санал оруулж, ид хэлцэгдэж байна.

2015 оны төсвийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гээд үргэлжилнэ. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар УИХ-аас ажлын хэсэг  байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажиллаж байгаа. УИХ-д суудалтай суудалгүй улстөрийн намуудаас санал авч, олон нийтээр хэлэлцүүлсэн.  Сонгуулийн одоогийн мөрдөж буй хуулийг МАН олонхи байхдаа цөөнхийн шаардлагаар хэлэлцүүлж, батлахдаа  цахим машинаар саналыг хуудсын тоолуулахаар оруулж баталсан байдаг. Тэр цагаас МАН-ынхны хэлснээр “нар үзээгүй” сонгуульд үргэлжилж ялагдал амссаар ирэв. Тиймээс сөрөг хүчнийхэн хамгийн  түрүүнд “хар машин”-аар санал тоолдгийг Сонгуулийн тухай хуулиас хасуулах, үгүйдээ л маргаан гарсан тохиолдолд гар аргаар тоолно гэсэн заалт оруулахаар зүтгэх нь дамжиггүй. Уг нь нэршил нь  “Хар машин” биш  саналын хуудас тоолох автомат машин  л даа. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн гээд дараалсан сонгуулиудад “ялагдсан” гол буруугаа МАН “хар машин”-д өгдөг. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал тооллогыг автомат машинаар  тоолно гэдэг заалт хэвээрээ үлдэх юм билээ. Сонгуулийн дараа хэсгийн хороодыг санамсаргүй байдлаар сонгож гар аргаар тоолж, саналын хуудсыг тулгадаг. Шинэчилсэн хуулийн төсөлд аль хэсгийн хороонд гар аргаар давхар тоолохыг “шодох” байдлаар тусгахаар төлөвлөжээ.

Нэг тойрогт нэг намынхан хоорондоо өрсөлдөхгүй

Сонгуулийн хуулийн маргаан, мэтгэлцээн голлон өрнөх хэсэг нь энэ юм. 2012 оны УИХ-ын сонгуулийг 28:48 хувилбараар явуулсан. АН- 35.32, МАН- 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл -22.31, харин ИЗНН -5.51 хувийн санал авч “дөнгөн данган”  босго давж байв. Таваас дээш хувийн санал авсан намуудын 28 суудалдаа хувааж хамгийн их ногдвор гарснаас  нь эхэлж  суудлыг хуваарилсан.  Жагсаалтаар хуваарилахад

Ардчилсан нам 
1. Н.Алтанхуяг                АН-ын дарга                                                             
2. З.Энхболд                   УИХ-ын гишүүн                                                         
3. Х.Тэмүүжин                 УИХ-ын гишүүн                                                        
4. Ч.Сайханбилэг            УИХ-ын гишүүн                                                         
5. Д.Эрдэнэбат                АН-ын ЕНБД                                                            
6. Ш.Түвдэндорж             Нийслэлийн АН-ын дарга                                          
7. Р.Бурмаа                    “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн                    
8. Ц.Баярсайхан             УИХ-ын гишүүн                                                        
9. Р.Гончигдорж              УИХ-ын гишүүн                                                      
10. М.Батчимэг               Ерөнхийлөгчийн зөвлөх                                         

Монгол Ардын нам  
1. С.Батболд                  МАН-ын дарга                                                       
2. У.Хүрэлсүх                МАН-ын ЕНБД                                                  
3. Д.Дэмбэрэл                УИХ-ын дарга                                                        
4. Ө.Энхтүвшин             УИХ-ын гишүүн                                                     
5. Д.Лүндээжанцан         УИХ-ын гишүүн                                                    
6. Ц.Нямдорж                 УИХ-ын гишүүн                                                  
7. Н.Энхболд                 УИХ-ын дэд дарга                                            
8. Я.Содбаатар              МАН-ын нарийн бичгийн дарга             
9. Ж.Энхбаяр                УИХ-ын гишүүн                                                

МАХН-МҮАН-ын ударга ёс" эвсэл  
1. Ч.Улаан                     УИХ-ын гишүүн                                                
2. Н.Батцэрэг                 МҮАН-ын ЕНБД                                              
3. М.Сономпил               “Залуу монгол” корпорацийн ерөнхийлөгч           
4. З.Баянсэлэнгэ             МАХН-ын Мянгатын дарга                                
5. О.Баасанхүү              “Дэлгэрэнгүй хууль” ТББ-ын тэргүүн                
6. Ц.Цолмон                   МҮАН-ын бодлогын зөвлөлийн дарга              
7. Ц.Оюунбаатар            Нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн

Иргэний Зориг-Ногоон нам 
1. С.Оюун                       УИХ-ын гишүүн                                              
2. С.Дэмбэрэл                 МҮХАҮТ-ын дарга

Ийм л дүр зураг гарч байж, тухайн үед. Энэ жагсаалтаас МАН-ын У.Хүрэлсүх нэрээ татаж, Д.Сарангэрэл  нөхөн сонгогдсоноос өөр өөрчлөлт гараагүй. Энэ жагсаалтыг хэвээр мөрдөх үү, өөрчилж 38:38 гэсэн хувилбараар явуулах уу. Эрх баригч АН-ынхан 38 нэр дэвшигч жагсаалтаар 38 нь мажоритар системээр өрсөлдөх хувилбарыг дэмжиж, МАН-ынхан 28:48 гэсэн хувилбар эсвэл өмнөх сонгуулиуд шиг жижиг мажоритар системд шилжүүлэх сонирхол нь давамгайлж байгаа. Мажоритар системээр МАН, пропорциональ системээр АН давамгайлаад байдаг учраас  “тоон” дээр Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга багагүй хугацаанд гацах болов уу. МАН хуучин арга барилаа санагалзаж байгаа дээр автомат тооллогын  машиныг харддаг “шүдний өвч”-тэй, МАХН гэж хуучин нэрийг  нь  зээлдэж, сонгууль бүрт саналыг нь хуваадаг “сэтгэлийн зовлон”-той болсон. Үүгээр зогсохгүй сонгуулийн хуульд саналын хуудсыг гар аргаар давтан тоолохыг нийтэд нь хийлгэх санал парламентад суудалгүй улстөрийн намуудаас  гардаг. Тэдний саналаар “бамбай хийж” МАН зүтгэнэ. Улстөрийн намуудын тухай хуульд ч өөрчлөлт оруулахаар яригдаж буй. Намуудын өмч хөрөнгө, байр, гишүүдийн гишүүнлэл гээд олон зүйл бий. Энэ бүх шинэчлэл “ах” намынханд халтай учраас асуудал шулуун замаар урагшлахгүй. Эндээс МАН-ын айдас, АН-ын боломжит хувилбар нь “38:38” гэж харагдана.  Сонгуулийг 38:38 хувилбараар явуулбал нэг тойрогт нэг намын хоёр нэр дэвшигч өрсөлдөж, саналаа хуваахгүй гэсэн тооцоон дээр уг нь улстөрийн хүчнүүд санал нэгдэж байгаа бололтой. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай улстөрийн бусад намын төлөөлөл санал нийлж буй эсэхийг хэвлэлийн тоймоос хүргэе”.

Хамуг Монголын хөдөлмөрийн намын  дарга Ц.Шинэбаяр: Өмнөх парламентын үед Сонгуулийн хуулийг өөрчлөн батлахын тулд баахан хэлэлцүүлэг явуулж, хүмүүсийн саналыг сонсоод байсан. Гэвч тэр бүхэн худлаа жүжиг болсон.  АН, МАН хоёр хэдийнэ урьдчилаад тохирчихсон . Манай нам гэхэд бүх тойргийн хороон дээр ижилхэн 70 санал авсан.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Дөрвөн жилд нэг удаа хуулиудаа засварладаг тогтолцоо бүрдчихээд байнаЕвропын холбооны улсууд сонгуулийн саналыг гараар  тоолж байгаа. АНУ хүртэл компьютероос татгалзаад сонгуулийн штабууд нь гараар тоолж байна. Заавал компьютероор тоолно гээд байгаа бол давхар гар тооллого хийх ёстой.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Сонгууль болгоны өмнө өөрчлөгдөөд байхааргүй Сонгуулийн нэгдсэн хууль гаргахын төлөө ажлын хэсэг ажиллаж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэн гаргаж, иргэдээ бүртгэх вэ, иргэд гомдлоо яаж гаргах вэ, улс төрийн намууд хяналтаа хэрхэн тавих вэ гэдгийг ойлгомжтой байлгахаар санал авч байна. Санал тооллогын асуудал үнэхээр анхаарал татсан зүйл мөн. Гэхдээ мэдээж машинаар болдог журмаараа явна.Тойргийн болон хэсгийн хороон дээр сонгуулийн дүнг худлаа гаргах тохиолдол байдаг. Тиймээс ажиглах эрхийг аль нэгэн нэр дэвшигч, нам бус иргэдийн төлөөлөлд өгч байгаа.

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: Орон даяар улс төрийн намаар хуваагдсан энэ байдлыг саармагжуулах чиглэлээр Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Иймийн тулд том, жижиг гэлтгүй намуудын оролцоог ижил байлгах хэрэгтэй. Саналууд заавал дахин тоологддог механизмыг оруулахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Монголын нийгмийг шударга, эрүүл байлгах гол үйл ажиллагаа нь сонгууль байдаг. Монголын  насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь сонгуульд оролцохгүй байна. Айл өрх, сум багаараа сонгуулийн үеэр дайсагналцдаг боллоо. Сонгуулийн хуулийг үнэхээр өөрчилье гэж байгаа бол шударга. эрүүл, мөнгөнөөс ангид болгох ёстой. Нэг талаар би улс төрд суудалгүй намуудыг дэмжиж байгаа юм. Тэд сонгуулийн хууль батлахад ажил хэрэгчээр оролцох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: СЕХ аймгийн сонгуулийн хэсгийн хороог байгуулж байгаа нь буруу. Аймаг, дүүргийн сумын ИТХ нь өөрсдөө улс төрийн намуудын төлөөллийг оролцуулж, хэсгийн хороогоо байгуулах нь зөв. Өнөөгийн Сонгуулийн хуульд дэвшилттэй зүйл ч бий. Засч залруулах асуудал ч байна. Жижиг суманд хэн хэний төлөө санал өгснийг нь зохион байгуулагчид нь мэдчихдэг. Автомат машинд бүх мэдээлэл нь хадгалагдаад үлдчихдэг.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Ухаалаг төрийн ухаалаг алхам нь ухаалаг сонгуультай болох асуудал юм.