"Намаа аваръя л гэж байгаа бол түүнийг огцруулах кноп дар" гэж нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын журмын нөхдөдөө уриалсан. Тэр ийм үгийг зүгээр ч нэг бухимдсандаа хэлээгүй биз. 20 гаруй жил тэмцэж, алган дээрээ бөмбөрүүлж ирсэн ардчиллынх нь хамгийн эрхэм үнэт зүйлийг нэг л өдөр үнэгүйдүүлж орхисон нь түүнийг ийн уриалахад хүргэжээ. Нийтлэлч Б.Цэнддоогийн бичсэнчлэн АН-ын даргын гэнэтийн үйлдлээс болж "Өчигдөрхөн л Энхбаяртай тэмцсээр байж арай гэж ялж засгийн эрхэнд намаа гаргаад дотор онгойн унтсан АН-ын гишүүд өглөө нь  “Энхбаярын талын хүн” болчихоод сэрэв". Гэнэт ирсэн ийм "хошин" хувь заяатай энэ намын төлөө зүтгэж ирсэн хэн ч эвлэрэхгүй нь мэдээж. Тиймдээ ч намынхантайгаа урьдчилж тохироогүй хийсэн хамтран ажиллах 10 жилийн хугацаатай гэрээ АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас нь буулгах ноцтой шалтгаан болоод байна. Хэдийгээр гэрээг судлах ажлын хэсэг байгуулж өөрчлөлт оруулна гэж хоёр тал мэдэгдсэн ч энэ нь намын гишүүдийн бухимдал, эгдүүцлийг нэг их намжаах нь юу л бол. Нэгэнт гарын үсэг зурагдаж "галт тэрэг" хөдөлсөн болохоор намаа аврах хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, Э.Бат-Үүлийн туган дор нэгдэхээр болжээ. Саарал ордны гадна талд ийнхүү намаа аврах хөдөлгөөнтэй зэрэгцээд ордны дотор ч Ерөнхий сайдыг огцруулахын төлөө санаа зорилгоо нэгтгэх гишүүд олширсон сурагтай.

 М.Зоригт гишүүний бататган хэлснээр Ерөнхий сайдыг огцруулах 28 гишүүн дээр дахин 10-аад гишүүн нэмэгдэж, кноп дарахаар болсон байна. Орон нутгийн намын байгууллагууд нь ээлж дараалан мэдэгдлээр намын удирдлагуудаа "булж" эхэлсэн. Ерөнхийлөгчийн  "игзаар" хэмээн цоллосон энэ гэрээг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мэдэгдэл хүртэл гаргаад байгаа. АН орших уу, эс орших уу хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэг дээр ирээд байгааг сануулсан түүний мэдэгдлийг гишүүд алга ташин дэмжиж байна.

Ил гарч тэмцэж байгаа нь Ж.Батзандан, Р.Амаржаргал, М.Зоригт, Р.Бурмаа нар боловч кноп дарахад бэлэн гишүүдийн хүрээ ч тэлэх шинжтэй. Улс төрийн бодлогын өрсөлдөөн, төдийгөөс өдий хүртэл тээж ирсэн ардчиллын үнэт зүйл, сонгох, сонгогдох эрх талаас нь аваад үзвэл эдний тэмцлийг зөвтгөх олон шалтгаан бий. Ардчиллын үнэт зүйлээ тээж, үүнийхээ төлөө хэнээс ч эмээлгүй, хэнээр ч үгээ цагдуулалгүй тэмцэж сөрж  чаддаг хүмүүс нь өнөөдөр АН-д байгааг тэд өөрсдийн үйлдлээрээ нотлон харуулж байна. Ямар ч үед үнэт зүйлээ хамгаалахаар нэгдэж чаддаг, үүгээрээ олныг дагуулж чаддаг лидерүүд энэ намд байна.