Hэгэн сонирхолтой "улс төрийн" тоо бодуулъя. 15-2=Хэд вэ. Хэрэв “тоондоо гавал, Q өндөртөй, бас далдыг хардаг” бол хариуг нь амархан гаргах байх.

Харин толгой муутай, өнөөгийн АН дотор үүсээд байгаа маргаанаас үзвэл энэ хариуг олоход тун бэрх болоод байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө М.Зоригт гишүүнээс улбаалсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах АН-ын бүлэг доторх “хөдөлгөөн” өрнөж эхэлсэн. 

“Энэ хөдөлгөөний ард “Женко” Х.Баттулга бий. Тэр Ерөнхий сайдын эсрэг намынхаа 14 гишүүнийг хөдөлгөв. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 15 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулахыг дэмжин гарын үсгээ зурцгаасан. Ингэснээр тэд бүгдээрээ Н.Алтанхуягийг унагах төлөвлөгөөнд оролцож, дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр МАН-ын бүлгээс эхтэй нэр бүхий 28 гишүүнтэй нэгдэхээр дараагийн Ерөнхий сайдаа суудалд нь залах гээд их нүүдэл хийх бололтой” гэх яриа дэгдсэн. Ямар ч байсан М.Зоригтоос эхлэлтэйгээр Г.Баярсайхан, Р.Бурмаа нарын гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжснээр тэдний хүрээ 15 боллоо гэсэн. 
1. М.Зоригт 
2. Г.Баярсайхан 
3. Р.Бурмаа 
4. Р.Амаржаргал 
5. Х.Баттулга 
6. С.Одонтуяа 
7. А.Бакей 
8. Л.Эрдэнэчимэг 
9. М.Батчимэг 
10. Л.Болд 
11. Б.Болор 
12. Г.Батхүү 
13. Б.Наранхүү 
14. Д.Ганбат 
15. С.Ганбаатар нар “Огцруулна” гэсэн бичигт гарын үсэг зурсан гэх. Харин үүнээс нь болж АН-ын бүлэг дотор зөрчилдөөн үүсч, бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүддээ хатуухан үг дайсан явдал бий. Тэрбээр “Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэдэг нь Ардчилсан намыг буудахтай адилхан сонсогдож байна гэдгийг гишүүддээ хэлж байгаа. Бидэнд нуугаад байх зүйлгүй учраас гишүүддээ сануулсан” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай. Тэгвэл бүлгийн даргынхаа үгийг сонссон гишүүдийн зарим нь байр сууриа 100 хувь эргүүлж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүдээс огцруулна гэсэн санал гаргасантай холбогдуулж АН-ын даргын албан тушаалаа шилжүүлэх асуудлыг өчигдөр тавихад АН бүлгийн гишүүд “Ардчилсан намыг Н.Алтанхуяг толгойлж байх цаг үед л ялалт байгуулж, олуулаа болж чадсан. Урьд өмнө нь ийм ялалт байгуулж байгаагүй учир манай намын хувьд ялалтын менежерээ унагалгүй, харин ч дэмжих ёстой. Тиймээс намын даргын албыг нь түүнээс авч болохгүй” гэж үзсэн юм. Тэгэхээр тэдний байр суурь эргэсэн гэсэн үг. 

Харин АН-аас Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн гэх 15 гишүүнээс хэн хэн нь албан ёсоор гарын үсэг зурсан бэ гэдэг нь анхаарал татсан хэвээр байгаа. Юутай ч УИХ-ын гишүүн Б.Болор “Би гарын үсэг зураагүй. Зураагүй байхад зурсан гээд бичсэн байгааг шалгаж өгнө үү” гэдэг хүсэлтээ бүлгийн даргад тавьсан. Тэгэхээр тэр гарын үсэг зураагүй гэсэн үг. Тэгвэл нэр нь дуулдагдаж эхэлсэн бие даагч С.Ганбаатар гишүүн АН-ын 14 гишүүтэй нэгдэж, гарын үсэг зурсан уу. Тэрбээр энэ асуудал “Бие даагчдын зөвлөл асуудалд үргэлж хамтарсан байр суурьтай оролцдог. Дорнод, Хөвсгөл, Дархан-Уул аймагт Ерөнхий сайдыг огцруулах нь зөв үү, буруу юу гэдгээр санал асуулга явуулж байна. Манай ажлын албынхан дарханчуудаас саналыг нь авч байгаа. Бид санал асуулгын бодит тоо хэд гарч байгаа вэ гэдгийг гаргаад үүнээс үүдэж шийдвэрээ гаргана. Энэ бол Монголын улс төрд оруулж байгаа бидний соёл. “Намайг сонгочихсон, би өөрөө шийднэ” гэж үзэж болохгүй. Харин шийдэхэд хэцүү байгаа энэ тохиолдолд сонгогчдоос асуух ёстой. 15 хүний нэгд намайг оруулсан байлаа. Миний хувьд гарын үсэг зураагүй” гэв. 


С.МӨНХБАЯСГАЛАН