Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах ажиллагаа томилогдсоных нь маргаашнаас эхаэлсэн гэхэд хилсдэхгүй байх. Энэ бол өнөөх л тамын тогооны үлгэрийн нэгэн тод зураг.

Гэхдээ өчигдөр энэхүү хүсэл биеллээ олж Н.Алтанхуяг гэдэг хүн Ерөнхий сайдаар үлдээгээч хэмээн эцсийн гуйлтаа хийгээд ч баралгүй уналаа. Харин одоо дараагийн Ерөнхий сайдын төлөөх марафон ид дундаа ороод байна. Эл марафонд таарч тохирно гэж өөрийгөө үзэж байгаа АН-ын гишүүд олон. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдгийг яг ийм албан тиушаалын төлөөх буухианы үеэр манай эрчүүд маш сайн санадаг.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын сэнтийг зүүдлэгсдийн тэргүүн эгнээнд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү гэсэн нэрс ижил гараанаас дуулдаж байна. Гурвуулаа “Алтангадас” фракцийн товарищууд.

Н.Алтанхуяг ямарч байсан фракцынхаа ноёрхлыг авч үлдэхийн тулд энэ гурвын нэгийг залгамжлагчаараа авч үлдэхээр зүтгүүлж буй гэнэ.

С.Баярцогтын тухайд 22 настайгаасаа их улстөрд зүтгэсэн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Обшор дансны хэрэг илрээгүй байсан бол тэрбээр яах аргагүй Ерөнхий сайд хийх кандитатуудын нэг. Ийм ч учраас тэрбээр өчигдөр Н.Алтанхуягийг огцруулах чуулганы хуралдаан дээр “Бид олонх болоогүй юм чинь бүгдийг нь хамруулаад эв нэгдлийн Засгийн газар байгуулаад улс орныхоо ирээдүйн төлөө зүтгэх байсан юм. Одоо бие биерүүгээ хатуу үг битгий чулуудацгаа” гэх аргадсан өнгө аястай араа бодсон үгийг хэлж суусан.

Ч.Сайханбилэгийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хоёр ч удаа сонгогдог ажилласан улстөрч. Иймээс түүнд одоо гүйцэтгэх засаглалд хоёрдугаар эгнээнд бус нүүр царай болчих сонирхол хамгийн ихээр байгаа. Иймээс ч Н.Алтанхуяг Их тэнгэрт Ерөнхийлөгч, Их хурлын даргатай уулзаж өдөржин хэлэлцэхдээ Ч.Сайханбилэгт суудал тамгаа өгөх тохироог хийхээр оролдсон. Аман байдлаар тохироонд хүрсэн гэх шум улс төрийн хүрээнд нисч байна.

Г.Батхүүгийн тухайд эртнээс буюу 2009 оноос л Ерөнхийлөгчийн сэнтийд өөрийгөө хүчээр наан карьераа томруулах тгололтуудыг хийж эхэлсэн. Их санавал эргээд дунд нь буух зарчмыг барьж яваа түүнд АН олонх болсон энэ үед Ерөнхий сайд хийчих амбиц хамгийн ихээр төрөн болох бүх тоглолтуудыг хийж яваа. Ямар сайндаа л фракцын толгойлогч Н.Алтанхуягийгаа шахаанд оруулах гэж сар гарангийн өмнөөс “Алтангадас”-ыг Г.Батхүү, С.Баярцогт, А.Бакей нар орхин “Чандмань” фракц үүсгэлээ гэсэн мессеж тараан бяцхан сүрдүүлэг хийгээд байгаа.

Ийнхүү Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад эл гурван эрхмийн нэр хүчтэй яригдаж “Алтангадас” АН дахь ноёрхлоо алдахгүйн төлөөх марафон тоглолтоо хийгээд эхэллээ.