-ССАЖЯ-ны Сайд Ц.Оюунгэрэл хоёр өөр шийдвэр гаргаж ажилтнаа халсан уу-

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах” зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон. Үүний дагуу өнгөрсөн онд тус музейн Захирал болон Ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ Харин уг шалгаруултаар МУИС-ийг газарзүйч мэргэжлээр төгссөн орос, англи, болгар хэлтэй, Намсрайн Жавзмаа хэмээх эмэгтэйг шинэхэн музейн захирлын албанд томилогдсон юм. 

Тэгвэл Н.Жавзмааг ажлаас нь халсан байна. Яамны зүгээс түүнийг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэх материал, мэдээллийг гаргасан гэнэ. 

Энэ талаар Н.Жавзмаа "Өнгөрсөн тавдугаар сард урлагийн зарим байгууллагын дарга, захирлын сонгон шалгаруулалт явуулсан юм. Төрийн үйлчилгээний жинхэнэ албан хаагчийг шалгаруулахдаа сул орон тоон дээр явуулж нөхөх журам байдаг. Түүнийгээ зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан. Би ССАЖЯ-ны сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн дүн авсан. Гэтэл хаа хамаагүй, БОНХЯ-наас зарласан Хэрлэн голын сав газрын хамгаалалтын захиргааны даргын сонгон шалгаруулалтад ороод тэнцээд байгаа. ТҮ биш, ТЗ ангиллын шалгалтад ороод тэнцчихээд байна шүү дээ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр тэр шалгалт гэдэг нь л анхнаасаа “но”- той байсан нь илэрхий байж гэж үзэж болохоор. Тэгээд ч намайг түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй. ССАЖ-ын сайдын гарын үсэгтэй ажилд томилох тушаалд нь “Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар Намсрайн Жавзмааг 2013 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс томилсугай” гэсэн байгаа.

Харин ажлаас чөлөөлөх тушаалд нь түр орлон гүйцэтгэгч гэсэн үг ороод ирсэн. 2013 оны нэгдүгээр сарын 28-нд “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”-д Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалт зарласан юм. Тэр шалгаруулалтад би нэрээ дэвшүүлж орсон. Ингээд сонгон шалгаруулалтад тэнцсэн. Тус музейн захирлын сонгон шалгаруулалтад 5-6 хүн орсон юм. Ингээд энэ ажлыг авч байхдаа Ардчилсан нам маань үнэхээр үнэн шударгаар ажиллах юм байна. Үнэнч шударга хүмүүстэй хамтарч ажиллах юм байна гэж ойлгож байлаа. Би уг нь энэ яам, энэ сайдыг анх дэмжиж, шударга сайхан ажиллах нь гэж харж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Сайд намайг багаар ажиллаж чадаагүй гэж ярьж байна гэсэн. Багаар ажиллаагүй байтлаа 40 гаруй хүнийг ажилд авч, Үлэг гүрвэлийн гэх хамгийн отгон музейг байгуулахад оролцож байх уу" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр өнгөрсөн жил АНУ-аас авчирсэн Батаарыг байрлуулахаар төв талбайд байшин барих ажлыг гардан хийсэн хүн.  ССАЖЯнаас Чингисийн талбайд Батаарыг олонд үзүүлэх байшин 10 хоногийн дотор барь гэсэн тушаалын дагуу нойр хоолгүй зүтгэн ажилласан байна. Гэтэл хамтран ажиллаж байсан хүмүүс нь замын дундаас ажлаа дутуу орхин явжээ. 

Гэтэл ССАЖЯ-ны дэргэд Палеонтологи, археологийн музейн шинэчлэлийн төсөл гэж байгуулсан төсөл нь ажилд нь нэмэр болоогүй гэдгийг Н.Жавзмаа хэлэв. Ямартай ч ССАЖЯ-ны Сайд Ц.Оюунгэрэл хоёр өөр шийдвэр гаргаж ажилтнаа халсан нь тун хачирхалтай. 

Х.Даваа