Цахим ертөнцөд сүүлийн хэд хоног "дуулиан" тарьсан мэдээг Х.Тэмүүжин дэлгэсэн билээ. Тодруулбал, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч түүний  дэлгэсэн 4 сая.ам долларын авлигын ноцтой хэргийн баримтыг дэлгэн, олон нийтийн сүлжээгээр цацсан юм.  

Тэрбээр “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авлигын хэмжээ… ” хэмээн тайлбар бичсэн. 

Хамгийн анх Х.Тэмүүжийнгийн дэлгэсэн баримтаар ямар компанитай холбогдолтой авлигын хэрэг гэдэг нь тодорхой бус байсан. Олон нийтэд түгээсэн баримт дээр тухайн хэрэгт холбогдох хүмүүсийн нэрийг хараар дарчихсан байв. Харин өчигдөр “Алтан дорнод Монгол” хэвлэлийн хурал хийснээр эзэн холбогдож нь тодорч учиг нь тайлагдах нь энэ. 

“Алтан дорнод Монгол” компанийн зүгээс хариулт өгөн хэвлэлийн бага хурал зарлан "Алтан дорнод" компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үед буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Алтандорнод компанийн захирал С.В.Паушокийн итгэмжлэлээр тус компанийн тэргүүн дэд захирлаар томилогдон, ажиллаж байсан Ч.Бямбаа, Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар мэдээлэл хийв.

Ч.Бямбаа "Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн цахим мэдээллийн хуудсаар олон нийтэд цацсан дөрвөн сая ам.долларын гүйлгээний хуулга нь Ч.Бямбаагийн “Рэкэл” компанийн данс руу Т.Ганболдын NRI компаниас шилжүүлсэн мөнгөний баримт" байсан хэмээн тайлбарлалаа.

Түүний тайлбарыг тодруулбал, Ч.Бямбаа нь Алтандорнод компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үед С.В.Паушок компаниа зарах санал гаргасны дагуу 23 сая доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-ны өдөр хийжээ. Гэрээний эхний нөхцлийн дагуу Ч.Бямбаа 2 сая долларыг хурдан хугацаанд төлөх үүрэг авч, Голомт банкнаас зээлэн шууд Паушокт шилжүүлсэн байна.  Ийнхүү Алтандорнод компанийн ажлыг цааш үргэлжлүүлэх гэсэн боловч боломжгүй болж, өөр компани буюу Т.Ганболд худалдан авахаар болж, Паушоктой гэрээ байгуулан авсан байна. Ингэхдээ Ч.Бямбаагийн “Рэкэл” компанийн зүгээс Паушокт төлсөн хоёр сая долларыг Т.Ганболд /NRI компани/ түүнд буцаан төлсөн баримт нь Х.Тэмүүжингийн дэлгэсэн гүйлгээний хуулга гэж тайлбарлав. Түүнээс нийтэд дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримт дэлгэгдсэн тухай лавлахад “Би өөрийн зүгээс зарим мөнгийг төлж байсан. Үүнийг оруулаад дөрвөн сая долларыг буцааж манай компанид төлсөн гэсэн үг. Мөн миний өөрийн зүгээс Алтандорнод компанид оруулсан 280 орчим сая төгрөгийг Т.Ганболд надад буцааж төлсөн юм байна.

Харин Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн хувьд тухайн үед буюу энэхүү гүйлгээг хийх үед "Голомт" банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан гэнэ. Тэрбээр “Би өнөөдөр энд Бямбаа захирлын хүсэлтээр ирж байгаа. Тэр үед би Голомт банкны ТУЗ-ийн дарга байсан юм. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. “Алтан дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед Алтан дорнод компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд "Голомт" банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан тухайн үед. Бидний зүгээс “Алтан дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед бидэнтэй Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа компанийг худалдаж авсан байгаа.  Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улс төрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин 4 сая ам.долларын  баримтыг ор үндэслэлгүйгээр олон нийтэд дэлгээгүй нь тодорхой. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийн мөрөөр АТГ шалгахаар ажлаа эхэлсэн бөгөөд  Тахарын албаныхан Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжинг хамгаалалтандаа авах гэж байгаа гэх яриа гараад эхэллээ. 

 

 

Х.Даваа