Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигч өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 10 цаг 30 минут буюу могой цагт үнэмлэхээ авсан бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар могой цагаас морин цагт шилжих үед СЕХ-ны даргаас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авах агшиндаа юу өгүүлсэнийг сонирхуулъя. Ц.Элбэгдорж хэрвээ дахин сонгогдох юм бол “ Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хийнэ” гэдгээ хэлсэн.

Улмаар Яармагийн дэнжийн “Шунхлай” шатахуун түгээх станц руу очиж “Монгол-93” шатахууныг авснаар Дорнод аймаг руу мордохоор болсоноо дуулгав. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль шударга болно гэдэгт итгэж байна. Иргэд, сонгогчид мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна” гэж хэллээ. Тэгвэл Н.Удвал “МАХН-аас надад маш их итгэл үзүүлж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай нам шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэдэг.

Миний хувьд таван зорилго, таван зорилтыг дэвшүүлж Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцоно. АН-наас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАН-наас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хоёр бол улстөрчийнхөө хувьд “аварга” хүмүүс. Аваргыг давж аварга болдог гэдэг” хэмээн арсалдсан үг чулуудсан байна.