Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн нээлтээ хийсэн даруйдаа өөрийн төрж өссөн Хэнтий аймагт очиж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ. Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгаас эхлэн тэрбээр эх орноо нар зөв тойрч сонгогчидтойгоо уулзах юм байна. Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийг монголчууд андахгүй. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр 12 жил босоо байж, самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга болж байсан.

Үндэсний спортыг хөгжүүлэх, өөрийн сурсан мэдсэнийг ирээйдүй хойч үедээ үлдээх зорилгоор үндэсний “Аварга” дээд сургуулийг үндэслэн байгуулсан. Эндээс тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчид төрөн гарсны нэг нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр юм. Тэр ч утгаараа олимпийн аварга маань Б.Бат-Эрдэнэ аваргыг багшаа хэмээн хүндэтгэж явдаг. Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд их спорт дахь карьераа дуусгаад улс төрд хөл тавьсан. Хүний мөс, эр хүний жудгаараа Монголчуудынхаа хайрыг татсан их аварга. Хан Хэнтий нутгаас 3 удаа сонгогдсон. Тойрог, нам, хань гурваа хаяж сольж байгаагүй. Хүний мөс, хүүгийн сэтгэл хомсдсон энэ цаг үед журмын нөхдөөсөө урваагүй, жалга довны үзлээр өвчлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө байж Монгол хүн эх орныхоо газар нутагт бүрэн эзэн байхын төлөө өөрийн намын Засгийн газрыг ч огцруулна хэмээн мэдэгдэж байсан тууштай тэмцэгч улс төрч гэдгээрээ улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн билээ.