Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 90-ээд оноос хойш Монголчууд ан амьтдаа хулгайгаар голцуу агнасаар, ан амьтад нь ч ховордсоор байна. Хавартаа хангай нутгийнхан маань буга урамдахыг сонсохоо болиод удаж буй. Зээрийн сүрэг алуурчдын хурдан унааны дугуй, хурдан бууны суманд сийчүүлж дуусах гэж байна. Баавгай, гахай, хандгай, тарвага ч ховоржээ. Ийнхүү нэрлээд байвал ховордоогүй ан амьтан бараг үгүй.

Ан амьтадыг хууль бусаар агах явдал сүүлийн жилүүдэд  нэмэгдэх хандлагатай боллоо гэж мэргэжлийн хүмүүс эмзэглэж байна. Өнөөдөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хууль бус ан гөрөөтэй холбоотой гэмт хэрэг овоорчихоод байгаа аж. Зөвхөн 2011 онд 270 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Харин 2014 онд энэ тоо хэд дахин өсч 1200 хол даваад байна. Энэ арай дэндсэн тоо. Хуулиа нулимж хаясан хулгайн анчдын дотор УИХ-ын гишүүд ч цохиж яваа юм. Тэр жил УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Сэлэнгэ, Төв аймгийн хөвч тайгаар нисдэг тэрэг хөлөглөн баахан гахай агнасан хэргээр мөшгөгдөж, торгууль хүлээгээд салсан байдаг. Мөн Н.Номтойбаяр гишүүн хоёр бамбарууш дагуулсан баавгай буудаж унгаад дэргэд нь гэрэл зургаа татуулан олон нийтийн цахим сүлжээнд тавьж,  хуулийнхныг  тавлах мэт таахалзаж байлаа. Түүний баавгай алсан хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтсийнхэн  байгаль хамгаалахын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэгч иргэдийн мэдээллээр шалгасан юм. Цагдаагийн нэгэн ажилтны ярьснаар  Н.Номтойбаярын энэ хэрэг тов тодорхой, хаашаа ч бултах аргагүй хэрэг байжээ. Н.Номтойбаяртай хамт ан хийж явсан “Мунзуй” хочит Г.Нямдорж нь ч бас тэр тухай  нотолж,  хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Цагдаагийн өөр  нэг ажилтан “Н.Номтойбаярын хэрэг Төв аймгийн прокурор дээр байж л байсан. Мөрдөн байцаагчийг дуудахад тэр очдоггүй байлаа. УИХ-ын гишүүн болчихсон байсан тул бүрэн эрхийн асуудал гэдгээрээ халхавчилсан биз” гэж байсан юм. Харин түүнтэй  хамт ан гөрөө хийж явсан Төв аймгийн Мөнгөнморьт хавилдуу амьдардаг хоёр анчин баавгайн хэргээ хүлээсэн байна лээ. Үүнийг учир мэдэх зарим эх сурвалжууд  “Тэд Н.Номтойбаярын өмнөөс хэрэг хүлээхэд хүрсэн байхаа” гээд амаа хамхисан нь бас сонин.  Ер нь цагдаад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн хэргүүдээс нэлээд хэсэг нь прокурор дээр очоод хэрэгсэхгүй болсон байдаг  ажээ. Дээрх 1200 гаруй гэмт хэргээс хэдийг  нь хэрэгсэхгүй болгохыг бүү мэд. Энэ тухай дараа өгүүлнэ ээ. 

Б.Отгонбаяр