Хятад, Монгол, Орос улсын аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэн оролцсон  “Гурван улсын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны хөгжлийн тухай” зөвлөгөөн БНХАУ-ын Манжуур хотод 2014 оны 12 сарын 23-25-ний өдөр зохион байгуулагдав.

Зөвлөгөөнөөр Хятад, Монгол, Орос улсын зүүн хойд бүс- Манжуур хотыг  түшиглэн гурван улсын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, түүх, соёлоо сурталчлах ойрын ирээдүйн чиг хандлага, харилцан жуулчдыг солилцох зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.

 Шинэ оны өмнөхөн болсон эдгээр гурван талт арга хэмжээнүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газар,Нийслэлийн соёл, урлагийн газар, ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газар, СУИС-ийн эрдэмтэн судлаачид, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, шууд харилцаат байгууллагуудын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүн манай талаас оролцлоо. Мөн Орос, Хятадын аялал жуулчлалын салбарын удирдлага, эрдэмтэн судлаач зэрэг 300 гаруй төлөөлөл оролцжээ.Тус зөвлөгөөнд Техникийн Их Сургуулийн багш, профессор Д.Гансүх, СУИС-ийн соёл судлалын ухааны доктор профессор Ж.Долгорсүрэн нар илтгэл хэлэлцүүлэг хийлээ.

 Тус зөвлөгөөний зочин төлөөлөгчид гурван орны охид, бүсгүйчүүд оролцсон гоо бүсгүй шалгаруулах олон улсын 11 дэх удаагийн тэмцээн, Манжуурт 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын цас мөсний баярын үйл ажиллагааг сонирхсон бөгөөд хамтын уламжлалт соёл, урлагийн эдгээр ажил нь хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх эхний алхам болж хэвшсэнийг үнэлж, цар хүрээг нь улам өргөжүүлэхээр боллоо.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Манжуурын хотын Аялал жуулчлал газар 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд жуулчдыг харилцан аялуулах, боломж нөхцөлийг нэмэгдүүлэхэд анхаарал тавин ажиллаж байгаа юм.

Манжуур нь 3 орны хил дээр оршдог Хятадын хамгийн том хуурай замын боомт, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буй олон улсын нээлттэй туршилтын бүс бөгөөд хил залгаа нутагт аялал жуулчлалыг хамтран хөгжүүлж, харилцан ашигтай ажиллах талаар ихээхэн санаачлага гаргаж буй юм.

         Манжуур өнгөрсөн жил дотоодын 5 сая, гадаадын хагас сая орчим жуулчин хүлээн авчээ.