ХБНГУ-ын Дюссельдорф хотноо жүдо бөхийн гран при тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр хоёр дахь өдрийн барилдаан болж, эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын бөхчүүд дэвжээнд гарсан. Эхний өдөр манай бөхчүүдээс гурав нь мөнгөн медаль хүртсэн бол хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Ц.Мөнхзаяа урамтай сайхан барилдаж, мөнгөн медаль хүртлээ. 

Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Недерландын бөх Вичерс Женниперийг ялсан бол гуравдугаар тойрогт Италийн Гвенд Эдвегийг буулгаж авчээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Германы Херрман Виваныг, зооны аваргын төлөө Японы бөх Таширо Микуг буулгаж авч, финалд үлдсэн. Харин  аваргын төлөө Их Британийн бөх Алистай барилдсан ч ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ жинд Ц.Цэрэннадмид барилдсан ч гуравдугаар тойрогт Германы бөх Тражос Мартинад ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал хүч үзсэн ч хоёрдугаар тойрогт Варгас Луарад ялагдаж,тэмцээнээ дуусгажээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан М.Уранцэцэг аваргын төлөө шалгарч үлдсэн ч  Бельгийн бөх чарлин ьан Сниктэй хийж, торгуулиар хожигдов. Манай бөх ийнхүү Дюссельдорфын гран при тэмцээнээс хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ.

Тэгвэл 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр нар зодоглосон ч медальд хүрч чадсангүй.  С.Ням-Очир гуравдугаар тойрогт Японы Шохо Оног баралгүй тэмцээнээ дуусгасан. Харин Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө Бразилын Контини Марселод ялагдсан. Улмаар торгуулын тойрогт Өмнөд Африкын Свортов Виктортай тулсан ч ялагджээ. 

Харин эрэгтэйчүүдийн 81 О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар хүч үзсэн ч хоёулаа гуравдугаар тойрогт ялагдсан юм. Хоёр өдрийн дараах байдлаар манай улс дөрвөн мөнгөн медальтайгаар зургадугаар байрт бичигдэж байна.