Манай улсын тамирчид олимп тив дэлхийн тэмцээнүүдээс алт мөнгөн медаль хүртэж ард түмнээ баярлуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөдгийн адилаар олон улсын хүнсний салбарынхан цугладаг ОХУ-ын нэр хүндтэй “Prod Expo 2015” үзэсгэлэнд улсаа төлөөлж Тэсо корпораци анх удаа өөрсдийн шинэ шинэлэг брэнд бүтээгдэхүүнүүдээрээ оролцсон байна. 
2015 оны 2-р сарын 09-өөс 2015 оны 2-р сарын 13-ны  хооронд Москва хотод зохион байгуулагдсан уг үзэсгэлэнд 64 орны үйлдвэрлэгчид хамрагдсан бөгөөд ОХУ-ын 1200-аад үндэсний томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байна. Тэсо корпорацийн хамт олон өөрийн салбар Милко компаний “100” зэрлэг жимсний ундаа, “Милко” сүү, “Зөв” аарцны ундаа, “Energy” кофе болон Агь компаний “Лапша” гоймон зэрэг 6 брэндийн 12 нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж олон орны хэрэглэгч үйлдвэрлэгчдэд өөрийн орны онцлогыг харуулсан бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ. 

Үзэсгэлэн худалдаа жил бүр шилдэг үйлдвэрлэгчдийг болон шилдэг бүтээгдэхүүнүүдийг 2000 гаруй оролцогч компаниудын дунд олон нийтийн санал асуулгын хүрээнд явуулдаг бөгөөд Монгол улсаа төлөөлөн оролцсон Тэсо корпорацийн салбар Милко компаний “100” шүүс, “Зөв” аарцны ундаа, “Golden Milk” хуурай сүү хамгийн өндөр үнэлгээг авч үзэсгэлэнд оролцогчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарч улмаар хамгийн шилдэг буюу “Лучший Продукт” медалиар шагнуулсан байна.


Энэхүү үйл явдал нь манай улсын хүнсний үйлдвэрлэл олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц  түвшинд очсоныг батлан харуулсан бөгөөд уг шагналыг ОХУ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас албан ёсоор олгодог байна. Мөн уг шалгаруулалтаас гадна «Шинэлэг бүтээгдэхүүн Prod Expo 2015», «Шилдэг савлагаатай бүтээгдэхүүн», «Сүлжээ дэлгүүрүүдийн сонголт» зэрэг номинацуудаар шилдгүүдийг шалгаруулж, үзэсгэлэнд оролцсон компаниудын ур чадвар, шинэ санаануудыг тодруулжээ. Эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Тэсо корпорацийн хамт олонд хэрэглэгчдийнхээ өмнөөс талархал дэвшүүлж цаашид дэлхийд танигдсан олон арван брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг хүсэн ерөөе!