2015 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах-Хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо өнгөрөгч онд хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааныхаа дүнг олон нийтэд танилцуулах гэж байна. “Монгол эмэгтэйчүүдийн амьдарын чанар” судалгааны дүнгийн анхдугаар хэлэлцүүлэг 2015 оны 03-р сарын 06-ны өдрийн 10:00 цагт Тусгаар Тогтнолын Ордны 6 давхрын хурлын танхимд болно.

Судалгааг Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэй, Стратеги Академи, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран орон даяар түүврийн аргаар хийж, нийт 15 мянга гаруй эмэгтэйг хамруулсан нь сүүлийн жилүүдэд олон нийтийн байгууллагын зүгээс анхлан хийгдсэн томоохон судалгаа болсноороо чухал ач холбогдолтой бодит ажил болжээ.  

Судалгааны агуулгыг бүлэглэн дүгнэвэл улс төр эдийн засаг, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны орчин нөхцөл гэсэн асуудлууд хамрагдсан байна. Судалгааны дүнгээр эмэгтэйчүүдийн амьдралын чанар сайнгүй байна гэсэн дүгнэлт гарсанд төрийн болон олон нийтийн анхаарлыг хандуулж, эдгээр асуудлуудыг шийдэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатайг НАМЭХ-ныхон онцолж байна.