"Хүүхдийн төв театр" нэртэйгээр тэртээх 1951 онд байгуулагдаж хүүхэд залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байсан ууган театрын үе үеийн уран бүтээлчидийн уулзалт болж өнгөрсөн юм.

   Тус уулзалтыг МУГЖ Б.Туяа санаачлан зохион байгуулсан бөгөөд театрынхаа бүтээл туурвил, уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг баримтжуулах, архивлан үлдээхээр тус уулзалтыг зохион байгуулсан ажээ. Уг уулзалтын үеэр Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг МУГЖ Б.Батзаяатай уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

- Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хүүхдийн театраар овоглосон олон сайхан уран бүтээлчид цуглаж байна. Энэхүү арга хэмжээний талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?

- Манай хүүхэд залуучуудын театрын үндэс суурийг тавьсан ахмад болоод дунд, залуу үеийн уран бүтээлчид өнөөдөр цугласан байна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд удаан уулзаагүй уулзалтаа хийж, нүүрээ нүүрээ харах мэдээж хэрэг их сайхан байна. Энэ уулзалтын цаад санаа нь одоо байхгүй болсон, театрынхаа тухай болон түүхээс нь үзэгч түмэндээ тодорхой мэдээлэл өгөх, театрын уран бүтээлчид ямар хүч хөдөлмөрөөр гайхалтай уран бүтээлүүдийг туурвидаг байсан зэрэг мэдээллүүдийг архив болгон залуу хойч үедээ үлдээх зорилготой хийгдэж байгаа юм. 

-Таны хувьд энэ байгууллагад хэдэн онд орж байв Ер нь "Хүүхэд залуучуудын театр"-тай таны уран бүтээлийн гараа салшгүй холбоотой байх гэж бодож байна? 

- Би 1978 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд тэр жилдээ улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ирж ажиллаж байлаа. Ингээд 1989 оны сүүлээр хошин урлагийн театраа байгуулж байсан түүхтэй. Энэ театр бол миний уран бүтээлийн анхы алхам болсон. Сургуулиа төгсөөд энэ театрт ирж байхдаа Сугар найруулагчийн “Зөгнөл” гэдэг жүжигт Боохойн дүрийг бүтээж уран бүтээлээ эхлүүлж байсан түүхтэй юм. 

- Монголдоо хамгийн анхны хошин урлагийн театрыг үүсгэн байгуулж байсан гэлээ. Магадгүй үүнээс л өнөөгийн монголын хошин урлагийн өнгө аяс тодорхойлогдож байгаа болов уу. Энэ түүхээсээ бидэнтэй хуваалцаач? 

-  Бид анх хүүхэд залуучуудын театраас өрх тусгаарлаж хошин урлагийн театрыг байгуулж орон нутгаар аялан тоглолтоо зохион байгуулж байлаа. 1991- онд “Монголын нэг өдөр” бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрөөр үзэгч түмэнтэйгээ уулзаж байлаа. Тухайн үед Монголын нийгэм эдийн засгийн доройтолд орж бүх юм картын системд шилжсэн, урлагийн байгууллагууд бүгд хаалгаа барьсан ийм үе байсан. Манай тоглолтыг хүмүүс ирж үзэх болов уу үгүй болов уу гээд их л айдастай байсан даа. Ингээд бид 10 сарын 1-ны өдөр тоглолтоо нээхэд танхим дүүрэн үзэгч, “Соёлын төв өргөө”-ний шатаар зайгүй суучихсан үзэгчид биднийг угтан авч байсан юм. Энэ үе яг л саяхан л юм шиг санагдаж байна. Ингэж бид анх монголд хошин урлаг гэдгийг үзэгчдэд таниулж байсан юм. Тэр цагаас хойш Монголын хошин урлаг шинэ шатанд үүсч хөгжөөд 25 жилийг ардаа үдэж байна даа. 

-    25 жилийн ойн баяраа ирэх жил хийх үү ? 

-     Бид ирэх жилд 25 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

-    Монголын нэг өдөр хошин шоу тоглолтонд оролцож байсан уран бүтээлчдийн бүрэлдэхүүнээс дурьдвал? 

-    Хошин урлагийн театрыг анх Гавъяат жүжигчин Б.Туяа, И.Одончимэг, жүжигчин О.Энхтуул, Амгалан болоод миний бие гэсэн бүрэлдэхүүнтэйгээр анх үүсгэн байгуулж байлаа. Тэр жилдээ бидэнтэй Гавъяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Жагд эгч нар маань нэгдэж монголын хошин урлагийн түүхийг эхлүүлж байсан юм. 

-    Тун удахгүй 4 сарын 1-ны өдөр буюу инээдмийн баярын өдөр тохиох гэж байна. Энэ баярын талаарх бодлоо уншигчидтайгаа хуваалцвал? 

-    Жил болгоны энэхүү инээдмийн баяраар манай хошин урлагийн хамтлагууд өөрсдийн шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг. Энэ жил ч мөн адил энэ уламжлалаа алдахгүй байх. Миний хувьд хэсэг уран бүтээлчидтэйгээ хамтраад Дорнодын театрт өөрсдийн уран бүтээлийг тавих бодолтой байна. Тэгэхээр энэ жилийн инээдмийн баярыг Дорнодчуудтайгаа хуваалцаж баярлах байх даа.