Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, Дорноговь аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, Дуу бичлэгийн Крешендо студи, Дорноговь аймгийн Рок поп төв, Ивээл уул ХХК, My music club хамтран Дорноговь аймагт анх удаа амьд хөгжмийн наадмыг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрт зохион байгууллаа.  Уг наадмыг Дорноговь аймгийн амьд хөгжим сонирхогч залуусын тоог нэмэгдүүлэх, шинэ залуу уран бүтээлч төрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болоод байгаа юм.

Наадамд Сайншанд, Замын-Үүд сум, Зүүнбаян багаас нийт 7 баг оролцож, өрсөлдсөнөөс 1-р байранд “Чандмань-Илч” ХХК-ний “Дөл” хамтлаг, 2-р байранд “Сайншанд татах хэсэг”-ийн “Татах хүч” хамтлаг орж, шилдэг гитарчинаар Замын-Үүд сумын “Голден гранд” хамтлагийн Ц.Ган-Эрдэнэ, Шилдэг бөмбөрчинөөр Зүүнбаян багийн “Соёмбо” хамтлагийн Ц.Батсүрэн, Шилдэг дуучнаар Зүүнбаян багийн “Соёмбо” хамтлагийн Б.Батболд, Үзэгчдийн таашаал хүртсэн хамтлагаар Ахмадын “Мөнгөн харш” хамтлаг, Шилдэг аязаар Замын-Үүд сумын “Соёмбот аялгуу” хамтлагийн аяз тус тус шалгарлаа.

Мөн наадмын үеэр Дорноговь аймгийн хамгийн анхны амьд хөгжмийн хамтлаг болох “Мөнгөн харш” хамтлаг Дорноговьчууддаа уран бүтээлээсээ толилуулсан нь олны сэтгэлийг ихэд хөдөлгөж байсан юм. Энэхүү наадмын ялагч 3 жил дараалан цом авсан тохиолдолд тэр багт цом үүрд хадгалагдаж байхаар тогтсон байна. Цаашид наадмынхаа цар хүрээг тэлж бүсийн хэмжээнд, бүр цаашилбал улсын хэмжээнд хүргэх томоохон зорилго тавиад  байгаа гэнэ.