Со гавьяат эдийн засаг сул байгаад УИХ-ын гишүүд, төрийн өндөр тушаалтнуудыг буруутгав
Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна. Тэгвэл МУГЖ Д.Сосорбарам салбар хуралдаан дээр ширүүхэн үг хэлэв. Тэрбээр “Эдийн засаг тогтворгүй байгаа шалтгаан нь УИХ-ын гишүүд, төрийн өндөр тушаалтнуудын  хариуцлагагүй байдалтай холбоотой. Төр бизнес, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцож, халамжилж байна. Нэг ёсондоо гай болоод байна л даа. Ажлаа хийх гэдэг, хийе гэхээр нь юм шаарддаг. Шаардсан юмыг нь өгснийхөө төлөө бизнесийн салбарынхан шоронд ордог. Энэ гажуудлыг  зогсоож байж алсын харааны талаар ярих ёстой гэж бодож байна. Авлига авсан хүн нь УИХ-ын гишүүний  бүрэн эрх гэдэг хамгаалалттай явж болдог байж таарахгүй. Ийм нөхцөлд баялаг бүтээж байгаа миний, таны дархан эрх хаана байгаа юм. Гурван сая иргэнийхээ аминд, эд хөрөнгөд, баялагад нь, оюун санаанд нь халдахгүй байх  дархан эрхийг хуульчлах хэрэгтэй. Олон нийтийг өмөөрсөн хууль алга. Энэ байр сууриа ч сая илэрхийллээ. Авлигыг илааршуулж байж алсын харааны талаар ярих ёстой” гэв. Ийнхүү Со гавьяат Эдийн засгийн чуулганд хатуухан үг чулуудсан ч түүнийг энд юу хийж яваа юм хэмээн шүүмжлэх хүмүүс мэр сэр байсан юм. 
 
С.НАРАН 
Эх сурвалж http://www.info.mn