БНХАУ-ын Шанду мужид Шар мөрний нэрэмжит Олон улсын марафон гүйлтийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (IV.25-26) боллоо. Тус тэмцээнд хагас болон бүтэн марафонд нийт эрэгтэй, эмэгтэй 30 мянга гаруй гүйгчид оролцов.

Манай улсаас зургаан тамирчин өрсөлдсөнөөс хагас марафонд ОУХМ М.Мөнхзаяа, спортын мастер Ж.Олонбаяр алтан медаль хүртэж, бүтэн марафонд дөрвөн тамирчин IX-XIII байрт орлоо.

Азийн аваргын хүрэл медальт Ж.Олонбаяр, ОУХМ Б.Мөнхзаяа, дасгалжуулагч Б.Төрбатын хамт нар. (2015.II.02) Шар мөрний нэрэмжит Олон улсын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн хагас марафоны(21 км 97.5 метр) төрөлд энэ оны эхээр Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзэлж, олимпийн наадмын эрхийн “В” нормативийг биелүүлж байсан ОУХМ М.Мөнхзаяа алтан медаль, цом хүртжээ. Эрэгтэйчүүдийн хагас марафонд Азийн аваргын хүрэл медальт, спортын мастер Ж.Олонбаяр мөн аваргын алтан медаль авсан байна. Эдгээр тамирчдын хувьд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд олимпийн наадмын "В" нормативийг биелүүлээд байгаа ОУХМ М.Мөнхзаяа гуравдугаар сард цагийн амжилтаа дахин баталгаажуулаад байгаа билээ.

Мөн бүтэн марафонд манай улсын дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс топ 10-т нэг тамирчин багтаж, XI-XIII байрт бусад тамирчид орсон байна. Тодруулбал, “Хилчин” спорт хорооны тамирчин спортын мастер Б.Гантулга IX, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Доржпалам XI, ОУХМ Ц.Бямбажав XII, “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Мөнхбаяр XIII байрт оржээ.