Mэргэжлийн Жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу-Дабигийн "IPIC Arena"-д дөрөвдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд манай улсаас 11 тамирчин урилгаар оролцсоноос зургаан алт, нэг мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлэв.

Тодруулбал, “Мастерс-1” ангиллын 85 кг, үнэмлэхүй жинд ОУХМ О.Болд-Эрдэнэ, хөх бүсний +95 кг-д Б.Сугаржаргал, ягаан бүсний “Мастер-2” ангиллын +95 кг-д улсын аварга Г.Эрхэмбаяр, хөх бүсний “Мастер-2” ангиллын +95 кг-д Д.Азжаргал АЛТ, эмэгтэйчүүдийн хөх бүсний +75 кг-д О.Жаргалсайхан мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ удаагийн ДАШТ-д үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нарын бөхчүүд багтсан бөгөөд тэд бүгд дэлхийн аварга хэмээх цолыг хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.