Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгоход үс онцгой үүрэгтэй ч хугарч гэмтэхдээ амархан, байнгын арчилгаа шаардагддаг тун эмзэг зүйл билээ. Гэхдээ эрүүл сайхан үстэй байхын тулд заавал гоо сайхны газраар үйлчлүүлж, их мөнгө зарцуулах шаардлагагүй юм. Бид та бүхэнд намирсан сайхан үстэй болохын тулд гар доорх материалаар гэр аргаар бэлтгэж болох байгалийн гаралтай маскыг хэрхэн бэлтгэх аргыг толилуулж байна.

1. Авокадотой маск

Авокадо хэмээх амин дэмтэй гайхамшигт жимсний гоо сайханд үзүүлэх ашиг тусыг тоочоод баршгүй. Уг жимсээр бэлтгэсэн үсний маскыг хэрэглэснээр үс тань маш намирсан зөөлөн, чийглэг болохоос гадна гялалзсан, өтгөн болно. Маскаа бэлдэхдээ боловсорч гүйцсэн авокадо жимсийг хагас аяга сүү, нэг цайны халбага оливын тос юмуу алмондын тостой хольж сайтар миксердэнэ. Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэж 15 минут байлгасны дараа угаана.

2. Өндөгтэй маск

Өндөгний маск бол өртөг багатай бөгөөд бэлтгэхэд хамгийн хялбар билээ. Өндөгний шарыг хоёр цайны халбага оливын тос, нэг аяга сүүтэй хольж дээр нь бага зэрэг нимбэгний шүүс нэмээд сайтар хутгаснаар маск бэлэн болно. Маскаа үс, хуйхандаа түрхэж 15-20 минутын дараа бага зэрэг хүйтэн усаар угаана. Өндөг нь уургаар баялаг учир хуйханд тэжээл өгнө. Мөн А витамин ба кали нь гэмтсэн үсийг сэргээдэг бол B витамин нь үсний ургалтыг маш сайн дэмждэг.

3. Тарагны маск

Хэрэв үс тань химийн гаралтай бүтээгдэхүүн болон орчны бохирдлоос болж гундаж өнгөө алдсан бол тарагны маск хамгийн тустай. Үсэндээ цэвэр тараг түрхэж 15-20 минут массаж хийсний дараа усаар зайлж, шампуниар угаагаарай. Ингэснээр үсний тань байгалийн өнгө сэргэж, гялалзан намирах болно.

4. Гадилтай маск

Гадил нь А, C, E витамин болон калигаар баялаг учраас хуйхыг эрүүлжүүлж, тослогийг нь тэнцвэржүүлж өгдөг. Маскаа бэлтгэхийн тулд хоёр ширхэг гадил дээр нэг цайны халбага коконатын тос, оливын тос, зөгийн балыг тус тус нэмж миксердэнэ. Маскаа хуйхандаа түрхэж таван минут байлгасны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Үүний дараа та үс тань урьдынхаасаа эрүүл, зөөлөн болсныг мэдрэх болно.

5. Кокосны тостой маск

Халуун орны кокос жимсний тос нь хуурайшиж гэмтсэн үсийг сэргээх ач холбогдолтой. Кокосны тос ба оливын тосыг тэнцүү хэмжээтэй хольж, өөрт хэрэгцээт хэмжээний маскыг бэлтгэсний дараа хуйхандаа жигд түрхээд гялгар малгай өмсөж хүссэн хугацаагаараа байлгана. Дараа нь шампуниар сайтар хөөсрүүлж угаана.

6. Гүзээлзгэнэтэй маск

Тослог үстэй хүмүүст гүзээлзгэний маск хамгийн тохиромжтой. Гүзээлзгэнэд агуулагдах С витамин нь хуйхны тослогийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Нэг атга гүзээлзгэнийг нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага кокосны тостой хольж миксердсэнээр маск бэлэн болно. Маскаа хуйхандаа түрхэж 15 минут байлгаад усаар зайлна. Ингээд л эрүүл сайхан үстэй болно.

7. Овъёостой маск

Овъёосны маск нь хуурайшиж хагтсан хуйхыг эрүүлжүүлжүүлэх ач холбогдолтой. Мөн бэлтгэхэд маш хялбархан гэдгээрээ давуу талтай. Нэг цайны халбага овъёосыг нэг халбага сүү, нэг халбага алмондын тос юмуу оливын тостой хольсноор маск бэлэн болох юм. Тэгээд хуйх, үсэндээ түрхэж 20-25 минут байлгаад шампуниар угаагаарай.