​Ардчилсан Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж эрх чөлөөний талбайд нийслэлийн бүх дүүргийн иргэд сонгогчдын төлөөлөгчидтэй өчигдөр орой уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга нарын хүмүүс оролцов.

Элбэгдоржоороо бахархдаг
Нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтыг нэр дэвшигчтэй хамт 90-оноос нэг үйлс нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж яваа төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга, улсын баатар Э.Бат-Үүл нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Бид улс орноо мэддэг байя л даа, бид төр засгаа сонгодог байя даа” энэ талбайгаас шаардаж байсныг олон хүн санаж байгаа байх. Өнөөдөр бид буруу ч бай, зөв ч бай өөрсдөө сонголтоо хийж, өөрсдөө хувь заяаныхаа эзэн болж явна. Бид тэмцсээр байгаад энэ эрх чөлөөг олж авсан. Мэдээж хэрэг одоо ч бэрхшээлүүд бий. Бэрхшээлүүдийг шийдэхийн тулд үргэлжлүүлэн тэмцсээр байна. Шийдэж ч байгаа. Нэн ялангуяа сэтгэл байвал шийдэж болдгийг өнөөдөр тод томруун харуулж байгаадаа таатай байна.
 
 
 
Тэмцлийн манлайд явж, биднийг хошуучлан дагуулж, ард иргэдийг минь зоригжуулсан тэр хүн бол Элбэгдорж юм. Тэр үеийн цуглааны хамгийн тэргүүн эгнээнд Элбэгдорж л зогсож байсныг олон хүн санаж байгаа байх. Би Элбэгдоржийн хийсэн олон зүйлийг, олон гавьяаг энд тоочоод баршгүй юм. 1996 онд Ардчилсан Нам сонгуульд ялж, анх удаа эрх барихад тулгамдсан, санаа зовоосон олон асуудал байсан. Тэр үед орон сууцыг метр квадратыг нь 360,000 төгрөгөөр хувьчлахаар төлөвлөсөн байсан. Түүгээр нь шийдсэн бол олон айл орон сууцгүй болох байсан. Орон сууцнууд зочид буудал л болох байсан байх. Тэгэхэд Элбэгдорж “Ингэж болохгүй, ард иргэдийнхээ амьдарч байгаа орон сууцыг хөрөнгө мөнгөөр далайлгаж авч болохгүй” гэсэн. Энэ шийдвэрээ радиогоор шууд, дараа нь телевизээр зарласан. “Бид энэ орон сууцыг үнэ төлбөргүй өгнө” гэж зарлаж байсан. Ингэж бид ард иргэддээ орон сууцыг үнэ өгч байсан юм гэдгийг хэлмээр байна. Бид амьдралынхаа баталгаа, эх үүсвэрийг ингэж алдалгүй олж авч байсан. Малыг малчдад нь өгнө,  иргэдээ чөлөөтэй зорчдог, чөлөөтэй үг хэлдэг болгоно гээд ярьсан бүхнээ биелүүлсэн. Элбэгдорж хүүхдийн мөнгийг өгнө гээд өгүүлж байсан.
Элбэгдоржоос зарим нэг хүн “Юу хийсэн юм бэ?” гэж асуухаар миний инээд хүрээд байдаг юм. Юу хийснийг нь чи хараагүй юм уу гэж хэлмээр санагддаг. Би Элбэгдоржийн нэг юмаар их бахархдаг. Үнэндээ сүүлийн жилүүдэд албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахаа байсан хачин юм энэ улс төрд байна. Гэтэл Элбэгдорж Ерөнхий сайд байх уу, авлигатай тэмцэх үү гэдэг сонголттой  хоёр удаа тулгарсан. Тэгэхэд Элбэгдорж “Би ард түмнээс хулгайлж байгаа мөнгийг олж ирнэ. Надад албан тушаалаас энэ илүү үнэ цэнэтэй” гээд огцорч байсан юм. Авлигын эсрэг зоримог шийдэмгий тэмцэж ирсэн хүн юм.
 Саяхан би нэг эмээтэй сонгуулийн үеэр тааралдахад “Бат-Үүл ээ, Элбэгдоржийг арван удаа сонгогдож болдог бол 10 удаа сонгомоор байна. Яагаад гэвэл Элбэгдоржид хувь заяагаа даатгахаар сэтгэл нэг л өег, хүүхдүүдийн минь ирээдүй гэрэл гэгээтэй байдаг юм” гэж байсан. Элбэгдоржийгоо бид 10 удаа сонгогдох эрхтэй бол 10 удаа сонгох болно гэдгээ хэлмээр байна” хэмээв.
 
Авлигатай тэмцдэг Ерөнхийлөгчийг дэмжиж байж л авлигыг таслан зогсоох болно
            УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ “Энд хуран цугларсан та бүхэнд би гуравхан зүйлийг хэлмээр байна. Хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж байхад иргэд надаас нэг л зүйлийг хүсдэг, шаарддаг. Заримдаа хатуухан үг хэлдэг. Заримдаа учирлах нь ч бий. Монгол Улсад яагаад хууль хууль шиг байхгүй байна вэ гэдэг. Монгол Улсад яагаад хуулийн байгууллага иргэдтэй хүн шиг харьцахгүй байна гэдэг. Монгол Улсад яагаад шударга ёс гэдэг зүйл жирийн иргэдээс хол байна вэ гэж асуудаг. Энэ асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улсын эзэн нь жирийн иргэд юм аа гэдгийг харуулж чадахгүй. Тийм учраас Хууль зүйн сайдын хувьд би нэг л үг хэлдэг юм. Иргэн, түмний талд шударга ёс байгаа цагт хууль тэдэнд тэгш үйлчилдэг. Хэн нэгэн хууль зүйн сайдтай маргалдахад үнэн, шударга ёс иргэний талд байгаа бол шүүх дээр хууль зүйн сайдыг ялдаг л байх ёстой. Албан тушаал, эрх мэдэл биш үнэн, шударга ёс, хууль асуудлыг шийддэг Монгол Улс байгаасай гэж би хүсч байна. Үүний төлөө бид олон өөрчлөлтийг хийж байгаа. Хууль үйлчилдэг болоод эхлэхээр хууль зөрчин амьдарч байсан хэсэг нь их ууртай болдог юм байна. Бас энэ улс орныг муухай харагдуулж байгаа зүйл авлига гэж олон хүн хэлж байгаа. Авлигатай тэмцэж байгаа гэж олон ч хүн янз бүрээр дугарлаа. Гэхдээ энэ авлига үнэхээр алга болж байна уу? Авлигын замаар явсан мөнгө буцаж ирж байна уу? Ганцхан жишээ хэлье. Улаанбаатар хотод хүүхдийн 9 нэгдсэн эмнэлэг, 21 дунд сургууль барих мөнгө, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн 10 хэсэг байгуулах мөнгө авлигачдын халаасанд орж байна. Үүний төлөө авлигын эсрэг хатуу зогсох хэрэгтэй юм байна. Элбэгдорж Ерөнхийлөгч надад Хууль зүйн сайд болоход “Авлигачидтай тэмцэж болно, авлигачидтай хариуцлага тооцож болно. Харин авлигачдын авсан мөнгийг буцааж авахгүй бол ямар ч үр дүнгүй шүү дээ” гэж хэлж байсан. Үнэхээр бид Монголоос хулгайлсан тэр мөнгийг буцааж олж авч ирэх ёстой. Монголын жирийн иргэдэд зориулах ёстой байсан их мөнгө Канадад, Америкт, Солонгост, Японд хаус болсон. Авлигачид Монголоос зугтааж амьдрах тансаг орчинг бүрдүүлэхэд зарцуулагдсан байна. Бид тэр мөнгийг буцааж авах ёстой. Энэ ажлыг хийхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй. Авлигатай тэмцдэг Ерөнхийлөгчийг дэмжиж байж бид энэ ажлыг таслан зогсоох, эргүүлэн авах ёстой” гэлээ.
 
                         
Иргэддээ эрх өгч нуруугий нь тэнийлгэж байгаа
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол Улсад хийх их ажил байна. Гэвч нэг нь зөв шийдвэр гаргах гэхээр нөгөө нь хойш чангаадаг. Үүнээс болж цаг алдаж байна. 5 дугаар цахилгаан станц гэхэд 12 жил ярилаа. Одоо л нэг юм шаваа тавих гэж байна. Иймээс бие биедээ тушаа болдог биш, бие биеэ дэмждэг төр засаг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр нэг Засгийн газар огцроход шийдэх гэж байсан ажил дөрвөн жилээр хойшлогддог. Тиймээс Монголын төр, улс төр тогтвортой байх ёстой. Бас нэг зүгт харж ажилладаг байх ёстой. Би УИХ, Засгийн газрыг шахаж ажиллах болно.
 
 
 
Миний ард түмэн намайг 1990 онд энэ талбайд үг хэлж байхад дэмжсэн. Одоо ч дэмжинэ гэдэгт итгэж байна. Би монголын ард түмний эрх чөлөө, ардчилал, нийтлэг эрх ашгийг олон улсын тавцанд ч, дотооддоо ч төлөөлж чадна. Төлөөлсөн шиг төлөөлж чадна. Сая хөдөө явж байхад иргэд маань “чаддаг чаддаг ажлыг нь хийлгэвэл яасан юм” гэж ярьж байна. Ерөнхийлөгч маань авлигатай тэмцэж чаддаг. Ард иргэддээ эрхийг нь өгч чаддаг. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж чаддаг. Ерөнхийлөгчөөрөө чаддаг ажлыг нь хийлгэе гэж ярьж байна. Тиймээ би таныг төлөөлж УИХ дээр чанга дуугарч чадна аа. Засгийн газар буруу ажил хийх гэж байвал би зогсоож чадна аа.
Бат-Үүл бид хоёр сайн найзууд. Энд зэрэгцээд зогсож байна. Та нар нэг намынхан гэж харж байгаа байх. Би намаасаа хуулийн дагуу түдгэлзсэн. Нам бус. Гэхдээ бид нэг хөгөөр ажиллаж чадна. Монголчууд “хайртай морио хазаартай нь усал, хайртай хүндээ хатуу үг хэлж бай” гэдэг. Би хайртай, дотны хүмүүстээ хатуу үг хэлдэг. Тиймээс ч би “Бат-Үүлээ, юун буруу рультэй машин бэ” гэж хэлж байсан.
Би 4 жилийн дараа Ерөнхийлөгчийнхөө ажлыг өгөөд Улаанбаатартаа, бүх дүүргээрээ, Монгол орноороо тайван, аз жаргалтай инээгээд алхаж явмаар байна. Яагаад гэвэл улсдаа байх нүүргүй болчихсон удирдагчид байх юм. Зарим нь улсаасаа дүрвээд гарч байна. Заримыг нь гудамжинд явж байхад нь “Өө, энэ авлигач явж байна” гэдэг. Ингээд байвал зовлонтой биз дээ. Би ийм маягаар амьдармааргүй байна. Тиймээс би сайн ажиллахыг хүсч байна. Тэр олон ажлыг амжуулахыг хүсч байна.
Зарим ажлыг хойш тавьж болдог. Харин авлигатай тэмцэх ажлыг хойш тавьж болохгүй. Би цаашид тэмцэх болно.
Монгол Улс анх удаа 270 тэрбум төгрөг орон нутгийг хөгжүүлэх санд өглөө. Одоо түүгээр дүүрэг, хороо бүр шинэ ажил өрнүүлж байна. Гэрэлтүүлэг тавьж байна. Зам засч байна. Хогноосоо салж байна. Сургууль, цэцэрлэг барьж байна. Ингэж хүмүүстээ мөнгийг нь өгөх хэрэгтэй. Авлигачдад биш ард түмэндээ өгөх хэрэгтэй.
 
 
Би энэ сонгуулиар нэг лоозонтой явж байгаа. Бусдыг муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй гэж. Хүн юм болохоор надад дутагдал байж магадгүй. Гэхдээ би олдсоноо хуваадаг гэр бүлд өссөн. Тэрүүн шиг уул уурхай, өөр хаанаас ч олсноо ард түмэндээ хуваадаг байх ёстой. Бид судалгаа хийсэн. 2014 оноос хүүхэд төрүүлсэн ээждээ 5 сар биш 24 сар тэтгэлэг өгөх боломж байна. Ийм ч  болгоно. 3, 4 дэх хүүхдээ төрүүлбэл тэр тэтгэмжийг нь 40 хувиар нэмж олгодог болгоно оо. Яагаад гэвэл 1-2 хүүхэдтэй айл нийт хүүхэдтэй өрхийн 80 хувийг эзэлж байна. Бид олуулаа болох ёстой. Бид хойч үеэ бодох ёстой.
Бид олон улсын стандартаар амьдрах ёстой. Тиймээс цэцэрлэг, бага сургуулийн асуудлыг ойрын жилүүдэд шийдэх болно. Төлөөлөл нь УИХ-д байхгүй хүмүүсийг би төлөөлнө. Би 93 настай ээжтэйгээ хамт амьдардаг. Тиймээс 80 гарсан хүн ямар бэрхшээлтэй тулгардаг, 90 гарсан хүн ямар байдгийг би мэднэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч сайн санаачилгыг дэмждэг, ажил болгодог хүн байх ёстой. Төрийн дарамтад өртдөг хүмүүсийг тэр дарамтаас чөлөөлдөг хүн байна. Иргэнийхээ өмчийг, өмчлөх эрхийг нь хамгаалдаг хүн байна. Алгын чинээ газар өмчилдөг байсан ч түүнийг нь хамгаална.
Би ард түмэндээ ярьсан зүйлээ үе үе  эргэж хардаг. Тэрийгээ биелүүлэхийн төлөө явдаг. Оюутны цалинг та нар мэдэж байгаа. Би өөрийнхөө цалингийн нэмэгдлийг оюутанд цалин өгөхгүй бол авахгүй гэж тэмцэж байж зөвшөөрүүлсэн. Хүүхдийн мөнгө, оюутны цалин олон өрхөд тус нэмэр болж байгаа. Бас залуучуудаа шоронд биш сургуульд явуулдаг Ерөнхийлөгч байх болно гэсэн. Тиймээс ч дэлхийн шилдэг 100 их сургуулийн аль нэгэнд элсвэл төр төлбөрийг нь төр хийнэ гэсэн зарлиг гаргасан.
Эрх зүйн шинэчлэл хийнэ, шударга ёсыг тогтооно гэсэн. Одоогоор 6 хууль батлагдсан. Тэдний нэг нь эвлэрүүлэн зохицуулах тухай хууль. Нэг хүн нөгөөгөө хохироолоо гэхэд нэг нь шоронд явж, нөгөө нь хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй хоёул хохирч үлддэг. Одоо хоёул гэртээ харьдаг, хохирлоо ярилцаад зохицуулдаг болсон. Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэн шүүх хуралд таслах эрхтэй оролцдог боллоо. Ингэж иргэддээ эрх өгч нуруугий нь тэнийлгэж байгаа. Би та бүхний төлөө цаашид ч ажиллах болно” гэв.