Хөшөө, дурсгалт газрууд бол аливаа улс орны онцлогийг илэрхийлдэг аялал жуулчлал, соёл иргэншлийн түүхийн үнэ цэнтэй бүтээл байдаг. 

Өдгөө хүний гараар бүтээгдсэн маш олон гайхалтай дурсгалт газар байдгаас “The Telegraph” сэтгүүлийн хамт олноос заавал очиж үзэхийг санал болгосон алдартай арван найман газрыг толилуулъя.
 
 
1
Чили: Пасхи арал
ЮНЕСКО-гийн “Дэлхийн үнэ өв”-ийн нэг Пасхи арал нь Рапа Нуи хүмүүсийн босгосон хүн чулуун хөшөөгөөрөө алдартай газар юм. Жуулчдын олноор зорьдог энэ арал дээр 887 гаруй хүн чулуун хөшөө байдаг бөгөөд дэлхийн хамгийн алслагдмал агаад хүн амын төвлөрөл ихтэй арал ажээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар хүн чулуун хөшөөг удирдагчдадаа зориулж тэднийг хүндэтгэсэн сэтгэлээр босгосон гэж үздэг.
 
2
Бразил: Христийн хөшөө
Дэлхий дээр Христийн маш олон дурсгалт газар бий. Тэдгээрийн нэг нь Бразилын Рио де Жанейро хотод байдаг 39.6 м өндөр хөшөө юм. 1922 - 1931 онд бүтээн байгуулсан хөшөө нь 635 тн жинтэй бөгөөд дэлхийн гайхамшигтай дурсгалт газруудын нэг билээ.
 
3
Дани: Лусын дагины хөшөө
Копенгаген хотын үзэсгэлэнт Лусын дагины хөшөөг 1909 онд Карлсберг шар айрагны үйлдвэрийг үндэслэгчийн хүү Карл Якобсены (1842 - 1914) хүсэлтээр бүтээн байгуулжээ. Тэрээр Данийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсены "The Little Mermaid" зохиолоос сэдэвлэсэн балетийг үзсэнээс хойш хөшөөг босгохоор шийдсэн байдаг. Лусын дагины хөшөө нь 1.25 м өндөр, 175 кг жинтэй аж.
 
4
БНХАУ: Буддын хөшөө
Байгалийн өвөрмөц тогтцыг ашиглан сийлбэрлэж хийсэн Буддын хөшөө нь 71 м өндөр юм. БНХАУ-ын Сычуань мужийн Лэшань хотод байдаг хөшөөг Тан гүрний үед бүтээн байгуулсан гэж үздэг. Хад асгадыг нүхэлж хийгдсэн хөшөөг нэг зууны турш урласан гэж үздэг ба ойролцоо голынх нь савдгийг аргадах зорилготой байсан гэдэг.
 
5
Египет: Гизагийн Сфинкс
Сфинкс бол дэлхийн хамгийн эртний, хамгийн том хөшөө дурсгалт газар бөгөөд одоогоос 5000 гаруй жилийн тэртээ бүтээн байгуулсан байдаг. Шохойн чулуугаар босгосон хөшөө нь хүн толгойт арсланг илэрхийлдгийн толгойн хэсгийг фараон Хафрагийнх гэж үздэг. Хөшөө 73.5 м урт, 20.22 м өндөр ажээ.
 
6
АНУ: Авраам Линкольны хөшөө
АНУ-ын арванзургаа дахь ерөнхийлөгч Авраам Линкольны (1809 - 1865) хөшөө нь Вашингтоны “The National Mall” цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Гантиг чулуугаар маш гайхалтай сийлбэрлэж урласан хөшөө нь 170 тн жинтэй, 9.1 м өндөр юм. Хөшөөг 1920 оноос эхлэн урлаж 1922 оноос олон нийтийн хүртээл болгожээ.
 
7
Англи: Адмирал Нельсоны хөшөө
Адмирал Хорацио Нельсоны (1758 - 1805) дурсгалд зориулсан хөшөө нь Лондонгийн Трафальга талбайд байдаг. 1840 - 1843 оны хооронд бүтээн байгуулсан боржин чулуун хөшөө нь 51.6 м өндөр юм. Тэрээр 1805 оны Трафальга дахь тулааны үеэр амиа алдсан учраас ийнхүү төв талбайдаа хөшөөг нь босгосон аж.
 
8
Япон: Буддын хөшөө
Буддын сургаалийг даган баясагч маш олон оронд хөшөө дурсгал нь сүндэрлэсэн байдаг. Тэдгээрийн нэг нь Японы Камакура хотын Котоку - ин хийд бөгөөд энд 121 тн жинтэй, 13.35 м өндөр Буддын хөшөө бий. Энэ хөшөө дурсгалт газар нь Японыг дэлхийд таниулсан цөөнгүй газрын нэг билээ.
 
9
Бельги: Шээж буй хүүгийн хөшөө
Брюссель хотоор зорчсон хүн бүрийн очиж үзэх ёстой газрын нэг нь 61 см өндөр хүрэл хүүгийн шээж буй хөшөө юм. 1388 онд анх босгосон хөшөөг 1619 онд урсгал засварт оруулсан байдаг. Тэмдэглэлт баярын өдрүүдээр хөшөөнд гоёмсог хувцас өмсгөх нь түгээмэл байдаг ба XII зууны үеийн язгууртан угсааны хүү ажээ.
 
10
Непал: Шива бурхны хөшөө
Энэ бол Шива бурхны дэлхийн хамгийн өндөр (44 м) хөшөө юм. Хөшөө нь Непалын нийслэл Катманду хотоос 20 км - т байдаг бөгөөд зэс, цайр, ган ба бетоноор цутгаж хийжээ. Шива бурханд зориулсан хөшөөнд мөргөл үйлдэхээр ирэх хүмүүс олон ч жуулчдын сонирхлыг ихээр татдаг үзмэр юм. Хөшөө дурсгалыг 6 жил гарангийн хугацаанд урласан гэнэ.
 
11
Итали: Давидын хөшөө
Италийн суут уран барималч, зураач, архитектор, яруу найрагч Микеланжело (1475 - 1564) - гийн агуу бүтээлийн нэг бол Давидын хөшөө билээ. 1501 - 1504 оны хооронд бүтээсэн хөшөө нь Флоренц хотын урлагийн галерейд бий. Христийн шашины томоохон төлөөлөгч Давид хааны хөшөөг гантиг чулуугаар урласан ба 5.17 м 
өндөр ажээ.
 
12
ОХУ: Агуу Пётрын хөшөө
ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын 300 гаруй жилийн түүхийг өгүүлдэг Пётр (1672 - 1725) хааны хөшөө Москва хотод байдаг. 94 м өндөр энэ хөшөө өндрийнхөө хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр найм дахь хөшөө юм. 1000 тн жинтэй хөшөөний 600 тн орчмыг ган, хүрэл, зэс эзэлнэ. Хөшөөний загварыг Гүржийн архитектор Зураб Константинович Церетели (1934 онд төрсөн) гаргажээ.
 
13
Франц: Огюст Родены хөшөө
Францын уран барималч Огюст Родены (1840 - 1917) зохион бүтээсэн “The Thinker” хөшөө Парис хотыг зорих шалтгааны нэг юм. Дэлхийд алдартай энэ хөшөө Родены музейд байдаг ба хөшөөг хэд хэдэн оронд дуурайлгаж хийсэн байдаг. 1902 онд урласан хүрэл, гантиг чулуун хөшөө нь философичдын ухаанаа уралдуулдаг хамгийн гайхалтай дурсгал ажээ.
 
14
БНХАУ: Буддын хөшөө
БНХАУ-ын Хэнань мужийн Лушань хотод байдаг Буддын хөшөөг 1997 - 2008 онд бүтээн байгуулжээ. Хөшөөний бадамлянхуа цэцэг нь л гэхэд 20 м өндөр бөгөөд нийт 1000 тн жинтэй аж. Дэлхийн хамгийн өндөр хөшөөгөөр нэрлэгддэг дурсгалыг бүтээхэд $55 сая орчим ам.долларын санхүүжилт хийгдсэн гэнэ.
 
15
Франц: Грекийн охин тэнгэрийн хөшөө
Эртний Грекийн уран баримлын оргил бүтээлийн нэг нь Парисын Луврын музейд бий. Хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр гэгддэг гантиг чулуун хөшөөг МЭӨ 130 - 100 оны тэртээ бүтээсэн гэж үздэг. Өндөр нь 203 см юм.
 
16
АНУ: Эрх чөлөөний хөшөө
АНУ-ын бэлэг тэмдэг болсон Эрх чөлөөний хөшөөг Францын уран барималч Фредерик Огюст Бартольди (1834 - 1904) зохион бүтээсэн бөгөөд Францаас АНУ-д бэлэглэсэн алдартай хөшөө билээ. 1886 онд бэлэглэсэн хөшөөг анхлан зэсээр хийсэн байсан нь цаг хугацааны явцад хувирч өөрчлөгджээ. Ингээд сэргээн засварлах ажлыг нь 1938, 1984 - 1986, 2011 - 2012 онд хийсэн байна.
 
17
Монгол: Чингис хааны хөшөөт цогцолбор
Төв аймгийн Цонжинболдог толгой дахь Чингис хааны хөшөөт цогцолбор нь 2008 оны есдүгээр сард нээгдсэн билээ. Архитектороор нь Д.Эрдэмбилэг ажилласан ба Монголчуудын соёлын үнэт өвийн нэг юм. Чингис хааны хөшөөг 250 тн ган төмрөөр хийсэн ба 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг сольдог. Энэ хөшөө дэлхий дээрх морьт хөшөөнүүдээс хамгийн томд тооцогддог байна. Гэрэл зургийг: BOLD
 
18
Итали: Марк Аврелийн хөшөө
Марк Аврелий (121 - 180) бол эртний Ромын эзэнт гүрний аугаа удирдагч төдийгүй суут гүн ухаанчдын нэг байсан билээ. Хөшөө нь Ром хотын Капитолини музейд байдаг бөгөөд хөшөөн дээрх төрхийг нь €0.50 еврогийн зоосонд шигтгэсэн 
байдаг.