Төрөөс төрсөн “төрбумтан”-уудын идэж, уух нь дуусаагүй бололтой. Ардчилсан намын нөхдүүд 2012 оны УИХ сонгуульд арай чүү гэж олонхи болсныхоо дараа Монгол Улсыг хувааж идэх, хямдхан арга сэдсэн нь бонд. “Чингис”, “Самурай” бонд гаргаж овоо хэдэн төгрөг олж ирснийг нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн хүүтэйгээ, зөвлөхтэйгөө, тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж юм үзээгүй хүний зангаар “тоншчихсон”. Ерөнхий сайд асны “хүчит” хүргэн төрийн мөнгөнд гараа гүнзгий дүрсний гороо өнөөдөр амсаж явна. АТГ нэг л өдөр гэрт нь нэгжлэг хийж, “хүүе” “хөөе” гэхийн завдалгүй гавлаад аваад гарсан гэж байгаа.

Энэ үеэр Дэнзэнгийн өмгөөлөгч нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж яваад гэнэт таагүй мэдээ сонсоод АТГ-т ирж “сайн найз”-ыгаа суллуулж авах гэтэл согтуу гээд оруулаагүй гэсэн. Өнөө хошин шог дээр гардаг шиг “Архичдыг оруулахгүй, ажилчдыг гаргахгүй” гэдэг шиг л юм болсон бололтой. Ингэж төр төмөр нударгаа түрүүчийн Ерөнхий сайдын “хүчит” хүргэнд харуулав. Дэнзэн хэдийгээр хар элгийн хүн ч гэсэн хамаг юмыг нь зохицуулж өгсөн болохоор Н.Алтанхуяг түүнээс тэгж амархан нүүрээ буруулахгүй нь тодорхой. Хүн чанар биш юмаа гэхэд хань хамсаатан болчих вий гэсэн эмзэглэл нь түүнийг зулгаагаад байх шиг... Ямар сайндаа л хүргэн хүүдээ зориулж хуулийн төсөл боловсруулаад нөгөөдөх нь бүдэрч унаад, тэнгэр хол газар хатуу болчихсон гүйж явах вэ дээ. Дэнзэн ч яахав тарьсан балгийнхаа гайг “сайн ахдаа” халдаалгүйгээр эр хүн шиг зан гаргаж өөрөө хамаг лайг нь үүрч мэднэ. Гэхдээ л “Хэрэг хуучирдаггүй” гэдэг үг Н.Алтанхуягийн чихэнд байн байн сонсогдож зовооно. Ингэх тоолонд өнөө л Ч.Сайханбилэгийгээ шантаажилна. Ч.Сайханбилэг нь УИХ-ын даргыгаа шантаажилж Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг дэмжүүлэх гэж оролдоно. Байдал бүр хурцадвал З.Энхболдыг намын даргын суудлаас унагаж өөрөө эзэн сууна гэж зүтгэж мэдэх юм. Нам доторхи энэ хагарал “Женко”-д илүү ашигтайгаар эргэж мэднэ.

Эсвэл эрх ашгийн үүднээс хүзүү, сээрээ холбосон З.Энхболдыгоо хамгаалж Ч.Сайханбилэгийн эсрэг босно. Ингэснээр Ч.Сайханбилэг болон С.Баярцогт, З.Энхболд болон Х.Баттулга гэсэн ширүүхэн “зодоон” болно. Уг зодооны дүйвээнээр Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр хүзүү, сээрээ холбох нь тун тодорхой. Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Дэнзэнгээс өөрцгүй бондын мөнгөнд гараа гүнзгий дүрчихсэн учраас тэр. Тийм болохоор Э.Бат-Үүл Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг хоёр гараа өргөн дэмжиж, саарал ордон дотор хөлийнхөө улыг эргэтэл гүйх нь гарцаагүй.

Гэхдээ Н.Алтанхуягийн дэргэд түүний хүүгийн асуудал арай л нааштай байгаа. Зүй нь, Дэнзэнг баригдсан сургаар АТГ-аас сүнсээ зайлтал айсан Б.Чулуудай яах ийхийн зуургүй өөрийн мэдлийн “Гранд лайн” компаниа “Бэрэн” группэд зарчихсан гэнэ. Товчоор хэлбэл, бондын мөнгөнөөс завшиж завшчихаад яг баригддагийн даваан дээр “Чи баригд” гээд хүний ардуур орчихов.

Гэхдээ ард түмэн тэнэг биш. Хэний хүргэн улсын мөнгөнөөс хичнээн төгрөг хувьдаа завшиж, хэн хэнтэй хуваасан... Хэн гэдэг эрхэм төрсөн хүүгийнхээ компанид хичнээн төгрөгийн төсөл өгснийг Монголын ард түмэн бүгдийг нь “хар дэвтэр”-тээ бичиж суугаа. Төрөөс төрсөн “төрбумтанууд”-ын дараагийн ээлж нь хэн бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэний хүү, хэний хүргэнд зориулж дахин бонд гаргах болов. Энэ асуултын хариуг хурдхан олчих юмсан...

 

Т.ЗҮРХ