Монголын Залуучуудын Холбооноос санаачилан Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад оролцуулж зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажлын гараа”, цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх “Цагийн ажил”, хөдөө сумдад очиж ажиллаж, сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх “Сумын залуучууд” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болж МЗХ дэргэдээ Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг байгуулжээ.

Оюутнуудыг цагийн ажилд авах байгууллагуудын санал аль хэдийнэ энэхүү биржэд ирсэн байгаа бөгөөд цагийн ажилд зуучлах бүртгэл эхэлсэн нь энэ ажил ямар эрэлттэй байсныг илэрхийлж байгаа юм. Тухайлбал ажлын гараа төсөлд хамрагдах залуучууд 21 аймагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураалтад ажиллаж орлогоо нэмэгдүүлэх, сумын залуус төсөлд хамрагдах залуучууд 4, 4-өөр нэг баг болж 331 сумдад илгээгдэж, суралцаж буй мэргэжлээрээ сумын иргэдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх юм байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд оюутан залуучуудын цагийн ажил, үйлдвэрлэлийн дадлага хийх, гадаадад сурч ажиллаж, амьдарч байгаа залуусыг эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан бий болгож вэб сайт тогтмол ажиллуулна гэдгийг хөтөлбөр боловсруулагчид хэлж байгаа юм. Дээрх төслүүдэд хамрагдах сонирхолтой залуучууд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржэд хандаж МЗХ-ны 201 тоотод ирж анкет бөглөж бүртгүүлэх юм байна.

Монголын Залуучуудын Холбоо