Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 20 дахь хоногтойгоо золгов. Энэ хугацаанд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 18 аймаг, найман дүүрэгт ажиллажээ. Энэ 20 хоногт түүнийг дэмжсэн уухайн түрлэг хотоос дүүрэгт, дүүргээс хороонд, аймгаас суманд, сумаас багт өртөөлсөөр яваа билээ. Дэмжигчдийн уухайн түрлэг өчигдөр Сүхбаатар дүүрэгт үргэлжиллээ. Сэлбэ голын хөвөөнд болсон уулзалтад Сүхбаатар дүүргийн 20 хорооны 2000 гаруй иргэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй уулзахаар ирсэн байв.

Сүхбаатар дүүргийн иргэдийн олонх нь гэр хороололд буюу хүн ам олноороо төвлөрсөн Дарь-Эх, Дамбадаржаа, Долоон буудал зэрэг газар амьдардаг. Энэ хэрээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж муу байдаг гэнэ. Ялангуяа сүүлийн үед төрийн албан хаагч нарыг бөөнөөр нь халж, оронд нь мэдлэг чадвар сул, ёс зүйгүй, харилцааны соёлгүй хүмүүс төрийн үйлчилгээний албанд орсон нь иргэдэд хүндрэл учруулж байгаа аж. Иргэд “Хэлж байгаа нь л бид болохоос хаа сайгүй л ийм байдаг” гэлцэх.

Сүхбаатар-2

 

Төрийн ордноос сайндаа л 15 километрийн зайд амьдардаг Дарь-Эх, Дамбадаржаа,Бэлхийн иргэдийн амьжиргааны төвшин ч сайн биш. Төрийн үйлчилгээг ч хангалттай авч чадахгүй, цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдарч байхад дарга нар “Улс орон хөгжиж байна” гэж тууз хайчилж явааг гайхаж байгаагаа иргэн Баярсайхан ярьж байв. Мөн Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан гэсэн. Энэ өрийг 2.7 сая монголчууд буцааж төлнө. Гэтэл энэ мөнгө миний амьдралд ямар нэмэр болж байгааг ойлгохгүй байна. Телевизээр энэ мөнгөнөөс том том компаниудад л өгч байгаа хэмээн ярьж байсан” гэж байв. Иргэд тогтвортой ажлын байртай, тогтмол орлогтой болохыг хүсч байгаагаа нэр дэвшигчид хэлсэн. Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах мөрийн хөтөлбөр боловсруулаад байгаа Б.Бат-Эрдэнийгээ дэмжинэ гэцгээж байлаа. 

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Би УИХ-ын гишүүнээр есөн жил тасралтгүй ажиллахдаа бодитой олон ажил хийсэн байдаг. Үүний нэг нь “Шинэ бүтээн байгуулалт, Шинэ Улаанбаатар” төслийг УИХ-аар батлуулсан. Энэ төсөл батлагдсанаар нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Бидний тооцоогоор Улаанбаатар хотод 1180 барилга, объектыг шинээр барих шаардлагатай байгаа. Үүнд 4.7 их наяд төгрөг шаардагдана. Бид энэ их ажлын эхлэлийг тавьсан юм. Үүнээс гадна мөрийн хөтөлбөртөө тусгасан зарим зүйлийг товч дурдъя. Нэгд, талцалгүй Монгол болно. Бид халх, ойрад, ар, өвөрмонгол гэж олон удаа хуваагдаж, талцаж явсан түүхтэй. Үр дүнд нь Монгол үндэстэн маш их хохирол амссан.

Сүхбаатар-3

 

Орчин үед энэ талцал хуваагдал намчирхлаар үргэлжилж байна. Монголчууд улаан, цэнхэр гэж хуваагдах ёсгүй. Хоёрт, шүүх эрх мэдлийг улс төрийн нөлөөллөөс ангижруулна. Гуравт, авлигатай алагчлалгүй тэмцэнэ. Энэ манай нам юм, миний дүү юм гэж би алагчлахгүй. Энэ улс орныг бохирдуулж байгаа авлигаас л салгахын төлөө тууштай тэмцэнэ. Дөрөвт, өрх толгойлсон эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төрийн ивээлд авна. Тавд, “Оютутолгой”-н гэрээг Монгол Улсад, монголчуудад ашигтай, бүгдэд хүртээмжтэй үр ашгаа өгдөг гэрээ болгохын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ. Зургаад, иргэн бүрт өгнө гэж амласан 1072 ширхэг хувьцааг иргэддээ бодитойгоор эзэмшүүлнэ. Долоод, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн ажиллах хууль эрх зүй, татварын орчныг элдэв янзын дарамтаас ангижруулна. Жинхэнэ баялаг бүтээгчид болох энэ хүмүүсийг бодлогоор дэмжиж ажиллана. Наймд, Монгол Улсыг архидалтаас ангижруулна. Есд, ирээдүйн түүчээ болсон залуучууд руу чиглэсэн төрийн бодлого боловсруулж, залуучуудын нийгэм дэх идэвх оролцоог хангах чиглэлээр ажиллана” гэв.

Сүхбаатар дүүргийн III хорооны иргэн Цэцгээ “Б.Бат-Эрдэнэ аваргын хэлж байгаа намчирхаж, талцах үзэгдэл өнөөдөр монгол айл бүрт байдаг үзэгдэл. Энэ талцал, хуваагдлыг ээжүүд бид зүгээр хараад сууж болохгүй. Бид энэ муухай зүйлээс ангижрах ёстой. Үүний тулд хэн нэгэнд барьцаалагдаагүй, бүлэглэлийн эрх ашигт автаагүй цөөхөн улстөрчийн төлөөлөл болох Б.Бат-Эрдэнийг сонгох ёстой. Та бусад нэр дэвшигчид шигээ авдар авдраар мөнгө амлаж, төрхгүйтэхгүй байгаа. Тэрэнтэй тэрэнгүй таныг зөв зам, зөв заяа чинь хөтөлнө өө. Эцэст нь хэлэхэд, бид Монгол гэдэг ганц нэртэй, Монгол гэдэг ганцхан гэртэй ард түмэн шүү” гэлээ.

Сүхбаатар-4

Малчид Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгнө
Нэр төр, алдар суугаа мандуулсан олон гавьяатан Дундговиос төрөн гарсны нэг нь хөдөлмөрийн баатар, “Төмөр замын” гэх тодотголтой Р.Раш гуай билээ. Тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн талаар “Төрийн хүн бол төр нийгмийн зүтгэлтэн Д.Самбуу гуай шиг байх ёстой гэж үздэг. Миний бодлоор Б.Бат-Эрдэнэ бол Д.Самбуу гуайтай дүйх төрийн хүн. Тэр юм болгонд хошуу дүрээд явахгүй, харин хэрэгтэй чухал ажилд өөрийгөө зориулсан шиг зориулах хүн. Тиймээс сонгуулийн өдөр үзэгний үзүүрээр ирээдүйгээ шийдэхдээ та бүхэн сайтар болгооно биз ээ” гэж өгүүлснийг дуу хуурын өлгий нутгийнхан талархан хүлээн авч байлаа.

Дундговь аймгийн төв талбайд сум бүрээс цугласан 2000 гаруй иргэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн уулзалтад оролцлоо. ШУТИС-ийг төгсөөд хэдхэн хонож буй Э.Баяндэлгэр “Би анх удаагаа сонгууль өгөх гэж байна. Монгол эр хүний жудаг, Монголоо гэсэн зүрх сэтгэл өнөөгийн нийгэмд хамгийн чухал байна. Тиймээс Б.Бат-Эрдэнэ гишүүн зөвийг дэмжиж ажиллаж чадна гэдэгт найдаж байна” гэж хэллээ. Эрдэнэдалай сумын иргэн н.Бадамцэрэн “Хэнтий нутгийнхаа газар шорооны төлөө иргэдтэйгээ хамт тэмцээд явж байхыг нь би хэдэн жилийн өмнө харж, үнэлж байсан. Одоо цагт улсынхаа газар шороо, байгаль орчны төлөө ингэж зүтгэж чаддаг хүнийг сонгох нь зүйтэй” хэмээн өгүүллээ.

Сүхбаатар-5

“Малын бэлчээр доройтож, цөлжилт дэндээд байна. Тоосжилт хэрээс хэтэрлээ. Баялгийн төлөө улайран зүтгэгчид үнэндээ онгорхой нүх л малчдад үлдээж байна. Тэр нүхэнд нь мал унаж үхээд байх боллоо” гэж Өлзийт сумын малчин н.Балдансүрэн харамсан өгүүлэхийн зэрэгцээ “Тиймээс л бид эх нутгаа хайрласан шиг хайрлаж, малчдаа дэмжсэн шиг дэмждэг Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгнө” гэж ярьж байлаа.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт “Мал аж ахуй, газар тариаланг аливаа эрсдэлээс хамгаалах, малчид, тариаланчид, ногоочдыг дэмжих бодлого явуулна” хэмээн тусгасныг малчид олзуурхан хүлээн авснаа ч илэрхийлсэн.

“Уул уурхайг зөвхөн шүтэх бус уламжлалт мал аж ахуйдаа суурилсан бодлогыг үргэлжлүүлж, хөгжүүлэх ёстой” гэж аваргын хэлсэн үг, хөтөлбөртөө тусгасан заалт нь надад түүнийг дэмжих хүслийг төрүүллээ гэж нэгэн буурал өгүүлж суусан.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр авлигатай тэмцэхдээ алагчлахгүй, намаар талцахгүй гэж хэлснийг иргэд дэмжиж байлаа. “Ардчиллын зуунд талцаж болохгүй. Бид авлигын үр үндсийг таслахын тулд шинэ үеэ соён гэгээрүүлэх ёстой. Бага байхад бидэнд худал ярих, хулгай хийх, хүн зодохыг муу муухай гэж эцэг эх минь ойлгуулж, хүмүүжүүлж өсгөсөн. Үүнтэй адил одоо шинэ үеэ бид зөв хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх ёстой” хэмээн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ онцолж байв. Мөн нэр дэвшигч Дундговь аймгийн бахархал болсон Даншигийн дархан аварга С.Чүлтэм, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Сүхбаатар-6