2015 оны 08 дугаар сарын 15, 16-ныөдрүүдийн “Бямба, “Ням” гарагуудад нийслэлийн хэмжээнд 596 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 406 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 24 осол гарч, ослын улмаас 33 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 10 гарсан. Нийслэлд 1, орон нутагт 1 нийт 2 хүн нас барсан. Тухайлбал,  2015.08.15-ны 00.50 цагийн үед СБД-15 хороо, Дамбадаржаагийн зам, Сэлбийн гүүрэн дээр амины Toyota Premio автомашины жолооч “А” нь явган зорчигч СБД 15-р хороо, Дамбадаржаад оршин суух “Э” /31н.эр/ мөргөж амь насыг нь хохироосон.

2015.08.15-ны 11.00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас зүүн урагш 30км-т Цоорхойн Говь гэдэг газар “Г” жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8-р багт оршин суух “Г” /33н.эр/ нас барсан хэргийг шалгаж байна.

Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 171 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 4, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 2 байна.   

  Хүүхэд өртсөн осол 9 гарсаны 7 нь сургуулийн өмнөх насны, 2 нь сургуулийн насны хүүхэд байсан ба 6нь зорчигч, 3 нь явган зорчигч хүүхдүүд байсан байна. 

Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байна.

2015 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тухайлбал,

Хуулийн 27 дугаар зүйл. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох: 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.6.Энэ хуулийн 13.2.7-д / 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

            35 дугаар зүйл. Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих

35.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

35.2. Мотоцикл, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

      40 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчих

            40.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсхүл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

            40.2.Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

            41 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, хэт удаан явах

            41.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

            41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

            41.3.Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл  оногдуулна.