“Шударга ёсны төлөө ээжүүдийн үг хамгийн чанга сонсогддог” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 1000 ээжийн чуулга уулзалтанд хэлсэн үгийг би үе үехэн өөртөө хэлдэг. Үнэхээр ч шударга ёсны төлөө хамгийн тууштай зогсож чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг. Тиймээс Ц.Элбэгдоржийн “Эмэгтэйчүүд улстөрд олуулаа болъё” уриалганд зоригжиж эмэгтэйчүүд олноор  улс төрд ирсний нэг нь Салдангийн Одонтуяа би.

2012 оны сонгуулийн өмнө Төрийн ордны индэр дээрээс “Гэрийнхээ амьдралыг аваад явж чадаж байгаа эмэгтэй хүн улсынхаа амьдралыг аваад явж чаддаг юм.  Та нар эмэгтэй авилгач, эмэгтэй дарангуйлагч гэж сонссон уу.” гэсэн энэ үгс улс орон даяар цуурайтаж  Монголын өнцөг булан бүрт, УИХ , нийслэл, дүүрэг, аймаг сум, багт эмэгтэйчүүд биднийг олноор нь сонгосон жил байлаа. “Ер нь гэрт орж ирээд ээжийн дуу тас гэхэд л тэр гэрт эмх цэгц тогтдог” гэж ерөнхийлөгч тун үнэн хэлсэн. Сонгогдсон шат шатандаа шударга ёсыг эрхэмлэн,  хороо, гудамж, нийслэлдээ хоггүй цэвэрхэн, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө чармайж ажиллаж чадна гэдэгт      эмэгтэйчүүддээ огтхон ч эргэлздэггүй юм.

Хүүхэд байхдаа “Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолыг уншдаг байж билээ. Ц.Элбэгдорж  шиг  Монголын улс төрд 24 жил зүтгэхдээ ХАТААГДСАН БОЛД  шиг хэрсүүжсэн, ухаажсан, туршлагажсан улс төрч ховор биз ээ. Энэ хугацаанд түүний хийсэн бүхэн нь эмэгтэйчүүд бидэнд сайнаар туссан. Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгогдож, архигүй Монголын төлөө хөдөлгөөн хаа сайгүй өрнөж, авилгатай тэмцэж, шударга ёс тогтож, иргэн төвтэй, дэлхийд Монголоороо гайхуулсан сайхан цаг, сайхан улирал эхэлж байна.

Эмэгтэйчүүдийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш  Монголын гэр бүл, нийгмийн томоохон асуудал юм. Нийгмийг сэртхийлгэсэн хэрэг олон гарч байгааг шуугиан болгоод өнгөрөөх биш, өгч байгаа дохиог нь зөв тайлж, Монголын нийгмийн өвчин болж бугласаар байгаа гэр бүлийн нуралтыг асуудал болгон тавьж төрийн бодлогоор шийдэх хэрэгтэй байна. Бидний үнэт зүйл бол нүүрс, зэс, алт биш эрүүл иргэд, аз жаргалтай гэр бүл, шударга ёс, эх орны тусгаар тогтнол гэдгийг ойлгож, хүн төвтэй хөгжлийн бодлогыг тодорхойлох хэрэгтэй.

Монгол улсын төсвийн зардлыг харахад төрийн байгууллагын барилгыг жилээс жилд засах гоёх, гантиглах, хивслэх, паркетлах, тавилга техник хэрэгслийг шинэчлэх, төрийн   албан хаагчдын тав тухтай орчинг бүрдүүлэхэд ихээхэн үргүй зардал гаргадаг хирнээ хүүхэд гэр бүлийн хөгжил, иргэнээ баялаг болгоход чиглэсэн иргэний боловсролд огтхон ч хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байна. Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн 2.23-т “Эх орон, улс үндсээ хайрлах бахарлыг хөгжүүлж, иргэний боловсролын хөрөнгө оруулалтыг дэмжинэ” гэсэнд бид туйлын баяртай байна. Манайд хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургууль хүрэлцэхгүйгээс аав ээжийн нэг нь  бага хүүхдээ харж гэртээ байна. Эмнэлэгт ор байхгүйгээс өвчтөнүүд шалан дээр хэвтэж байна.  Мөрийн хөтөлбөрийн 2.18-д  “Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 нас хүртлэх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачлагыг дэмжинэ. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулах ажлыг УИХ –ын эмэгтэй гишүүдийн санаачлагад түшиглэж хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Тийм ээ, бидэнд хамтдаа хийх олон ажлууд шийдлээ нэхэн хүлээж байна.

1990 оноос хойш сэргэж эхэлсэн Монголчуудын итгэл үнэмшил улам бүр унтарсаар байна. Өөрийн гэх өмчтэй, өөрийн бизнестэй болоод өөрийнхөө хүчээр амьдарна гэж итгэж байсан бидний итгэл алга болсоор. Авилга хүнд суртал, төрийн дарамтаас улбаалан иргэдийн бие даан амьдрах итгэл алдарч  эцэст нь “ ТӨР”  хэмээх баялгаас сорж амьдрах хүсэлтнүүд олширч, бэлэнчлэх сэтгэлгээ хаа сайгүй цэцэглэж байна.

Буруу тогтолцоог шударга хууль, цэвэр төр, зөв бодлогоор засъя гэвэл, архигүй аюулгүй орчинд амар тайван амьдаръя гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо дэмжицгээе!