Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь нийслэл болон Дорноговь, Сүхбаатар аймгуудад зохион байгуулагдах гэж байна.
Тухайлбал, Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд  ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр  1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймгууд дахь  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал алхана. Энэ үеэр  Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, "Бид ялав" үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт болно. Арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцоно.  Харин нийслэлд энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилнэ.  Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж  хүндэтгэл үзүүлэх ажиллагаа зохиохоор төлөвлөөд байна.