Ерөнхийлөгчийн шадар туслах Э.Содонтогостой манай сэтгүүлч уулзлаа. 

-Өнгөрөгч баасан гаригт буюу зургадугаар сарын 21-ний орой МАН-аас нэр дэвшигчийн нэвтрүүлэгт Монгол Улсын Тэргүүн хатагтай өөрийн тэргүүлдэг “Итгэл”, “Болор” сангууддаа АНУ-ын нэгэн байгууллагаас хоёр сая ам.доллар авсан тухай гарлаа. Энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ?
-АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төвтэй Прожект КЮРЕ (Project C.U.R.E – Commission on Urgent Relief and Equipment) гэж хүмүүнлэгийн байгууллага бий. Дэлхийн хөгжиж буй орнуудад эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлж, эрүүл мэндийн салбарт нь учирч буй хүндрэл бэрхшээлд нь бага ч атугай туслах зорилго бүхий л төрийн бус байгууллага. Дэлхийн 120 оронд хүрч ажилласан байдаг. Дэлхийн олон орны тэргүүн хатагтай нартай хамтран ажилласан байдаг. Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормааг урьж, эмэгтэйчүүдийн хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Итгэл-Хавдаргүй Монгол" сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө санаа тавьж ажиллаж байгаад нь чин сэтгэлээсээ баярлаж байсан. Ингээд монголчуудад туслахаар хандив цуглуулаад, түүгээрээ эмнэлгийн багаж хэрэгсэл – эмнэлгийн ор, мэс заслын ширээ, сандал, боолтын материал, гудас, нярайн үзлэгийн ор гэх зэрэг хэрэгслийг худалдаж аваад Монгол руу хоёр контейнэр ачуулсаныг “Итгэл” сан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны төвд өгсөн. 

МАН-ын сурталчилгааны нэвтрүүлэгт гарч байгаа шиг их мөнгийг Тэргүүн хатагтай авсан юм огт байхгүй, энэ бол ор үндэсгүй гүжир гүтгэлэг. Прожект КЮРЕ үдийн зоог зохион байгуулж, хандив босгосон. Тэр босгосон мөнгөө тэр байгууллага АНУ-даа тусдаа дансанд хийгээд л түүгээрээ эмнэлгийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч, эмнэлгүүд зэрэгт хандан эд зүйлээ худалдан авдаг. Энэ бүх үйл ажиллагааг Прожект КЮРЕ байгууллагын ажилтнууд, сайн дурынхан гүйцэтгэдэг. Тэгээд Монгол руу ачна. Яг л ийм процесс. Ил тод, хариуцлагатай, ойлгомжтой.

УИХ-ын гишүүн, МАН-ын С.Бямбацогтын эхнэр энэ байгууллагатай хамтарч ажиллаж байсан учраас яаж ажилладаг журмыг нь бас л сайн мэдэх учиртай. 

-Ерөнхийлөгч Элбэгдоржийн Оюутолгой төслийн талаарх байр суурийн тухайд тэр нэвтрүүлэгт бас гарч байсан. Энэ талаар?
-Ерөнхийлөгч Элбэгдорж Оюутолгой компанийг хаах, төслийг болиулах тухай, БиБиСи-ийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан хэлсэн гээд олныг төөрөгдүүлсэн, Монголын гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд сэв суулгах гүжир гүтгэлэг дүүрэн  байсан. 

Ерөнхийлөгч Элбэгдоржийн Оюутолгой төслийн талаарх байр суурь тодорхой. Энэ нь  Оюутолгой төсөл дээр Монголчууд нэгдмэл байр суурьтай болсон, нэгдмэл байр суурьтай болох нь нийт монголчуудын эрх ашиг л гэж хэлсэн. Болохгүй байгаа юмаа засаад, болж байгаагаа улам сайн хийгээд, хуулиа баримтлаад, монголчууд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн л төлөө байгаа.  Монголчуудыг талцуулах, тарааж бутаргах нь бол яавч Монголын эрх ашигт нийцэхгүй.