Т.ЖАНЦАН


Эдийн засаг энэ онд таван хувийн өсөлттэй гарах төсөөлөл хийж байв. Гэвч оны эхний хагас жилээр гурван хувийн өсөлттэй гарсан. Ийнхүү доогуур гарсанд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажил удааширсан нь нөлөөлжээ. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага, санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдсэн байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой.  Засгийн газар улсын төсвийн төлөвлөсөн орлого тасарч байгаа тул 109, 230 дугаар тогтоол гаргаж тэвчиж болох зардлыг бууруулах, зарим төсөл хөтөлбөрийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авсан билээ. Товчхондоо төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн гэж хэлж болно.  Сангийн яамнаас хийсэн судалгаагаар энэ оны эхний долоон сард  төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 535.6 тэрбум төгрөгөөр дутсан аж. Иймд энэ оны төсөвт аравдугаар сар гэхэд тодотгол хийхээр Сангийн яам ажиллаж буй. Өөрөөр хэлбэл төсвийн орлогын төсөөллийг дахин бууруулан тооцож зардлаа танана гэсэн үг.

Тэгэхээр төр бүсээ улам л чангалах нь. Сангийн яамнаас цалин, тэтгэвэр, тэтгэмж болон төсвийн байгууллагын тогтмол зардлуудыг танахгүй гэж амлаж байна.  Эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн гол гогцоо нь улсын төсвийн орлого гэж судлаачид үзэж буй. Тэгвэл ирэх жилийн төсвийг хэрхэн төлөвлөснөөс эдийн засгийн энэ удаагий хүндрэлийг хэрхэн даван туулах нь шалтгаалах нь. Сангийн яамны мэргэжилтнүүд ирэх оны төсвийн төсөөллийг ид хийж байгаа. Орлого, зарлага нь хэдэн төгрөг байх нь удахгүй тодорхой болно.  Монголбанкны эдийн засагчид улсын төсвийн орлого, зарлагыг бланс бариулах, болж өгвөл ашигтай гаргах ёстой. Цаашид дан ганц уул уурхайн салбар дагасан хөрөнгө оруулалт, экспортын орлогод түшиглэхийг өөрчлөх  шаардлагатай хэмээж байгаа. Өнөөдөр манай улсын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал эзэлдэг.

Ийм ч учраас эдийн засгийн өндөр өсөлт, улсын төсвийн огцом тэлэлтийн гол эзэн нь уул уурхай болсон. Гэтэл ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаж эдийн засгийн гадаад орчин муудахад манай эдийн засаг хүндэрч  өдөр бүр бүс чангалах тухай ярьж буй. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ 2012 оноос эхлэн уруудсан. Иймд Монголбанк, Засгийн газар хамтарч эдийн засагт үүссэн дарамтыг бууруулах, төлбөрийн тэнцлийн хямралыг арилгахад чиглэсэн бодлого хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд эдийн засаг огцом агшилгүй, 7.8 хувийн өсөлттэй гарав. Энэ онд эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах бодлого  ч үргэлжилж байгаа. Гэвч цаг агаарын нөхцөл байдал, төр засгийн тогтворгүй байдал зэрэг тодорхой бус хүчин зүйлсээс шалтгаалан хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй, барилга, үйл­чилгээний салбарын өсөлт саарсан. Сангийн яам­ны мэргэжилтнүүдийн тооцоолс­ноор он дуустал  хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, цахилгаан дулааны салбар ойролцоогоор 10 орчим хувиар өсөх төлөв бий аж. Урд нь эдгээр сарбарын эдийн засагт эзлэх өсөлт нь 20 хувь давж байв.

Иймд оны эцэст эдийн засгийн өсөлт  тав бус гурав орчим гарах төлөвтэй болжээ. Ирэх онд Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих санхүүжилт, импортыг орлох, экспортыг дэмжих хөтөлбөрийн үр дүнд мах боловсруулах, ноос, ноолуурын  үйлдвэрлэл нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр болох нь. Мөн “Амгалан” дулааны станц, “ДЦС IV”-ийн өргөтгөл бүрэн хүчин чадлаараа ажиллах тул цахилгаан дулааны үйлдвэрлэл  өсөхөөр байна.
Эдийн засгийн гадаад тэнцвэрийг харуулдаг үндсэн үзүүлэлтийн нэг бол урсгал дансны алдагдал. Манай улсын урсгал дансны алдагдал өмнөх жилүүдэд ДНБ-ий 27 хувьд хүрч байлаа. Сангийн яамны тооцоогоор энэ оны эхний хагас жилд 6.4 хувь болж буурчээ. Гадаад худалдааны тэнцэл жилд хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол одоо 604 тэрбум ам.долларын ашигтай болоод байна. Эдийн засгийн дотоод тэнцвэрийг харвал үйлдвэрлэлийн боломжоос давсан эрэлт, үйчилгээний үнэд үзүүлэх дарамт багасч, инфляц жилийн 6.9 хувь болж буурчээ. Тэгэхээр эдийн засаг үндсэндээ тогтворжиж эерэг өөрчлөлтүүд гарч байна. Гэвч эрсдэл байсаар байгаа. Тухайлбал, улсын төсөвт орох экспортын орлого буурсан. Манай улс өнгөрсөн онд 5.8 тэрбум ам.долларын экспорт хийсэн аж. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан ч  экспортын хэмжээ өслөө. Тэр дундаа зэсийн баяжмал, газрын тос, алтны экспорт нэмэгджээ.  Одоогоор нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, газрын тос зэрэг бүтээгдэхүүний үнэ огцом унасан, хэлбэлзэл ихтэй хэвээр. Иймд энэ оны эхний долоон сард манай улс 2.8 тэрбум ам.долларын экспорт хийгээд байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал  4.3 хувиар буурсан үзүүлэлт.  Олон улсын банк санхүүгийн байгууллагын судалгаанаас харахад цаашид үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа. Гэвч үнийн савалгаа намжиж  тогтворжих төлөв бий аж. 

Орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь экспорт, шууд хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэр. Засгийн газар экспортын орлогыг нэмэгдүүлж, импортын зардлыг бууруулна гэж буй. Ингээд  экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүү­дэд 300 тэрбум төгрөг  хүртлэх санхүүжилтийг арил­жааны банкуудаар дамжуулан олгохоор болсон. Үүнд зэс, төмөрлөг, нүүрс, газрын тос боловсруулах, оёмол бүтээгдэхүүн, хувцас, сав баглаа боодол, барилгын материалын зэрэг үйлдвэрийн төслүүд багтаж буй. Мөн экспортод гаргасан НӨАТ-ын хувь хэмжээг тэг хувьтай тэнцүү байх ноос, ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Энэ бүгд эх орондоо илүү валют үлдээх, валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлнэ хэмээн Сангийн яам үзэж байгаа юм.

 Аливаа хөрөнгө оруулагч хамгийн их ашиг өгөх, эрсдэл бага тохиолдолд мөнгө гаргадаг. Гэтэл  манай орны эдийн засгийн нөхцөл болон улс төрийн шийдвэр гаргах байдал тогтворгүй байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдэлтэй гэж үзэх шалтгаан. Төлбөрийн тэнцлийн статистикаас харвал энэ оны долоон сарын байдлаар 149.8 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал  2.9 дахин буурав. Хөрөнгө оруулалт ингэж буурсныг эдийн засагчид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил болон бусад томоохон төслүүд хэрэгжих эсэх нь  тодорхой бус байсантай холбон тайлбарлаж буй. Сангийн яамнаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг арга хэмжээ бол концессын гэрээгээр гүйцэтгэх томоохон төслүүд хэмээж буй.

Засгийн газраас 40 төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр баталсан. Жишээ нь, Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд  61.3 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийх учиртай. Үүнээс гадна Сангийн яамнаас төсвийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлийг дэмжих, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэ­хэд зориулж гадаадаас мөнгө босгох хэрэгтэй гэж байгаа. Гол нь дунд хугацаанд өрийн дарамт үүсгэхгүй байх нөхцөлтэй. Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл, тусламж авах боломжуудыг ашиглаж санхүүгийн шинэ эх үүсвэр татах шаардлагатай гэдэг. Гэвч өнөөдөр манай улсын өр бидний хэрээс хэтэрсэн гэдгийг эдийн засагчид сануулж буйг мартаж болохгүй. Арга ч үгүй биз 2017 оноос “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж эхэлнэ. Улсын төсвөө алдагдалгүй болгож байж уг өрийг хүндрэл бага төлнө хэмээн эдийн засагчид хэлж буй. Иймд өнөөдөр эдийн засгийн хойш татаж буй уул уурхайд суурилж хэт тэлсэн төсвийн бодлогыг өөрчлөх цаг иржээ.


Эх сурвалж: www.assa.mn