Архангай аймаг сарлаг үхрийнхээ тоогоор улсдаа дээгүүрт ордог. Энэ утгаараа тус аймгийг зорих гадна, дотны жуулчдын сонирхлыг татдаг нэг хүчин зүйл нь сарлаг гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа. Архангайчууд сарлагийнхаа  сааль шимийг хүртээд зогсохгүй түүнийг уналга, эдэлгээд сургаж, хүүхэд багачууд нь яг л морь шиг унах аж. 

Жуулчдын тухайд Архангайн Их тамир суманд очоод Тайхар чулуу, Тамирын гол үзэхээс дутуугүй сарлаг үхэр унаж, түүн дээр суун зургаа татуулахыг сонирхдог бололтой.

Тэгвэл Архангай аймгийн Их тамир сумын нутагт байрлах “Тайхар чулуу” жуулчны баазын дэргэд сарлаг унуулж өрхийн амьжиргаандаа нэмэр болдог хэд, хэдэн хүүхдүүд байдгийн нэг нь Пүрэвнямын Алтангэрэл хүү юм. 

Тэрбээр Архангай аймагтаа дунд сургуулийн 11 дүгээр ангид сурдаг бөгөөд ирэх жил сургуулиа төгсөх гэнэ. Алтангэрэлийн аав Пүрэвнямынх Их тамир сумын уугуул айл. Тэднийх 50-60 орчим сарлаг маллаж аж ахуйгаа залгуулдаг байна.

Харин П.Алтангэрэл хүүгийн тухайд зуныхаа амралтаар “Тайхар чулуу” амралтын баазыг түшиглэж тэнд амрахаар ирсэн гадна, дотны жуулчдад сарлаг унуулж өрхийн төсөвтөө нэмэр тус болдог аж. П.Алтангэрэл амрагчдын эрэлтээс шалтгаалж өдөрт нэгээс хоёр сарлаг эмээллэдэг гэв. Тайхар чулууг сарлагаар нэг тойруулахад монголчуудад 2000 төгрөг, сарлаган дээр сууж зургаа авхуулахад 1000 төгрөгийн ханштай байдаг агаад харин гадны жуулчдад 5000-3000 төгрөгийн хооронд үйлчилгээ үзүүлдэг гэлээ.  

П.Алтангэрэл зөвхөн зуны улиралд буюу хичээл сургуулийнхаа амралтаар сарлаг эмээллэдэг бөгөөд дээрх маягаар зуны гурван сар ажиллаад өдөрт дунджаар 100 мянган төгрөгийн орлого, сардаа гурваас дөрвөн сая төгрөгийг санаа зовох юмгүй хуримтлуулж дөнгөдөг тухайгаа хуучлав. Долоодугаар сарын дунд үеэр буюу наадмын өдрүүдэд түүний хувьд өдөртөө 300 мянган төгрөгийг олох үе ч бас байдаг гэнэ. Энэ мэт сарлаг унуулж олсон мөнгөө хүү ээж, аавдаа тодорхой хэсгийг нь өгөөд  өнгөрсөн жилээс үлдсэнийг нь хадгаламжийн дансандаа хийдэг болсон гэв.

үргэлжлэлийг эндээс уншина уу