Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн  10 хувийн татвар авна. Татварыг иргэдийн  100 саяас дээш төгрөгийн хугацаагүй хадгаламж, 100 саяаас дээш нэг жилээс доош хугацаатай хадгаламжаас авахаар болсон. Ингэснээр энэтөрлийн хадгаламжтай иргэд ирэх оноос улсад албан ёсоор татвар төлж эхлэх юм. 

Хууль санаачлагчдын зүгээс уг татварын өөрчлөлтийг  дансандаа их хэмжээний  мөнгөтэй иргэдээс татвар авснаар тэдэнд хүндрэл учруулахгүй, татварын уг шинэчлэл орсноор  банкуудыг урт хугацааны нөөцтэй байлгах боломж үүснэ гэж тайлбарлаж буй. 

Монгол Улс 1990-ээд оны дундуур татварын энэ төрлийн бодлого барьж байсан ч 1997 оны үед Азийн эдийн засгийн хямралаас болж дотоодын мөнгөний урсгал банкнаас гадагшилж Засгийн газраас  татварыг зогсоох арга хэмжээ авч байсан  түүхтэй. Олон улсын жишгээр энэ татварыг дэлхийн ихэнх орнонд эдийн засгийн тэлэлтийн үед авдаг билээ. 

Г.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn