Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ИОАХИМ ГАУК

1940 онд Росток хотод төрсөн. Дунд сургууль төгссний дараа шашин судлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. 1965 - 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан. 1989 онд “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан ба тус хөдөлгөөний Росток хот дахь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр мөн Зүүн Германд коммунизмын эсрэг тэмцэж, Христийн шашныг дэлгэрүүлэх чиглэлээр тэмцэн ажиллаж байсан.

“Alliance 90” хөдөлгөөнөөс 1990 онд Зүүн Германы парламентад сонгогдсон. Засгийн газрын саналыг үндэслэн Холбооны Ерөнхийлөгчийн томилсноор 1990 оны 10 дугаар сарын 3-нд БНАГУ-ын Аюулаас хамгаалах албаны архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссараар томилогдсон. 2000 он хүртэл тус албайг хашсан.

2001 – 2004 онд Вена хотноо төвтэй “Арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын Төв (European Monitoring Centre on Racism and Xenophobia)”-ийн Удирдах зөвлөлд Герман Улсыг төлөөлсөн гишүүн байв.
2003 онд “Мартахын эсрэг, ардчиллын төлөө (Against Oblivion – For Democracy)” нийгэмлэгийн даргаар сонгогдсон. 2012 оны 3 дугаар сарын 18-нд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэрээр Теодор Хойссын нэрэмжит одон (Theodor Heuss Medal), Ах дүү Шоллийн шагнал (Geschwister Scholl Prize), Европын хүний эрхийн шагнал, Людвиг Бёрнэгийн нэрэмжит шагнал (уран зохиолын салбарын шагнал)-тай. Мөн Росток, Йена, Аугсбургийн их сургуулиудын Хүндэт доктор.