УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын тавдугаарт Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оржээ. Энэ зунжин, намаржин улс төрийн мэтгэлцээн, маргааны гол сэдэв болсон уг хуулийн хувь заяаг өнөөдөр шийднэ гэсэн үг. Ерөнхийлөгч тавьсан хоригийг хүлээж авсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн Өршөөлийн хуульд хэн гэдэг гишүүн ямар санал өгөх нь олон нийтэд хүлээлт үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх үү, эс өршөөх үү гэдэг нь УИХ-ын гишүүдийн саналаар шийдэгдэх гэж байна. Олон нийт албан тушаалын давуу байдлаа ашиглаж, авлига хээл хахуульд автсан хүмүүсийг өршөөхийг дэмжихгүй байгаа. Тиймээс сонгогдсон түшээдээ саналаа хэрхэн яаж өгөхийг чуулганы нээлттэй хуралдаанаас харахыг хүсч байгаа юм.