ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 407 дугаар ангийн хоригдлууд өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тус ангид шүүхээс ял сонссон эмэгтэйчүүд хоригддог улсдаа ганцхан байдаг эмэгтэйчүүдийн хорих анги юм. Тэднийг өршөөлийн хуулиас болж өлсгөлөн зарласан гэж эх сурвалж мэдээлж байна. Учир нь Өршөөлийн хуулийг хэлэлцэх үе шат дэндүү удаан, намууд ямар нэгэн шалтаг шалтгаан гаргаж, хойшлуулж байна гэж үзэн ийнхүү өлсгөлөн зарлаад байгаа аж.

Хэдийгээр өршөөлийн хуулийг УИХ-ын чуулганаар баталсан ч Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэлбэр дээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа юм. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр долоо хоног дараалан завсарлага авч уг асуудлыг гацаасаар байна. Хэрвээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал батлагдаж авлига, албан тушаалын гэмт хэргүүд өршөөгдөхгүй болчихвол эмэгтэйчүүд, хүүхдүүд, санамсар болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг хийсэн зэрэг хүмүүс өршөөгдөх юм. "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөх заалтыг уг хуулиас авч хаяхгүй гэсэн байр, суурьтай байгаа билээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: http://www.photonews.mn/