УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монгол Улсын Сайд, МҮАН-ын дарга М.Энхсайханыг Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийг ахалж, гэрээ боловсруулахдаа үндэсний эрх ашигт аюул учруулахуйц шийдэл гаргасан гэж үзэж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардсан билээ.

Үүнийг “эмнэлэгт үзүүлэх шаардлагатай” гэж доромжлуулсаныхаа хариуг М.Энхсайханаас авч буй Л.Эрдэнэчимэгийн хувийн шийдвэр гэх хүн олон байсан ч энэ нь нилээн дээрээс “шидэж буй чулуу” бололтой. Тодруулбал УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Л.Эрдэнэчимэгийн уг саналын “автор” гэдгийг эх сурвалжууд өгүүлж байна.

Үүнийг ч баталж буй мэт “Ардын Эрх” сонинд өгсөн ярилцлагадаа З.Энхболд :“М.Энхсайханы Тавантолгойг үнэгүй гадаадын компанид бэлэглэх ажиллагаа үргэлжлээд байх юм бол огцорч таарна гэсэн агуулгатай байсан. Хүмүүс тэрийг нь уншихгүй, гарчгийг нь уншаад байгаа байхгүй юу. Мэдээж тийм юм хийвэл Үндсэн хууль зөрчсөн юм чинь Засгийн газар унана ш дээ. Дэлхий дээр тодорчихсон байгаа хамгийн том хоёр ордын нэгийг үнэгүй 60 жилээр бэлэглэх юмыг ямар ч хүн эсэргүүцнэ. Ямар ч УИХ-ын гишүүн эсэргүүцнэ. Магадгүй тэрийг санаачилсан М.Энхсайхан мэтийн улсууд л дэмжих байх. Тийм учраас М.Энхсайханд хариуцлага тооц гэдэг бичгийг Л.Эрдэнэчимэг гишүүн явуулсан байна лээ. Энэ сайдын орон тоо бол ер нь байх ёсгүй. Одоо улсын төсөв хэлэлцэхдээ энэ сайдыг цалингүй болгоод л гаргах хэрэгтэй. Бусад хүний ажилд саад болоод байгаа байхгүй юу. Тавантолгой төслийг буруу хийснийхээ төлөө М.Энхсайхан огцрох ёстой. Ерөнхий сайд үүнийгээ хийвэл сайн, үгүй бол УИХ-аас М.Энхсайханы төсвийг нь хасаад л өгчихнө.” хэмээсэн билээ.

Түүнчлэн сүүлийн үед УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар улс төрийн холбоотнууд болж, маш ойр байх болсон. Н.Энхбаярын хувьд М.Энхсайханыг “Шударга ёс” эвслийн сонгуулийн амлалт, байр сууриас ухарсан тул МҮАН-ын даргаас огцруулах ёстой гэсэн шахалтыг хүртэл намынханд нь эрээ цээргүй хийж байсан нь нууц биш болсон. Тиймээс М.Энхсайханыг 2016 оноос өмнө заавал огцруулна гэх ам тангаргын эзэн нь зөвхөн З.Энхболд биш ч байж мэдэх талтай.

Юутай ч З.Энхболд төсвийг нь танах аргаар ч хамаагүй МҮАН-ын дарга М.Энхсайханг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах хүслээ хэрэгжүүлэх эсэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.


П.Мандах

http://www.sonin.mn