Манай улсад хавдар гэх оношоор олон хүн өвчиндөө шаналж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байгаа нь нууц биш билээ. Сүүлийн жилүүдэд хавдраар өвчилөгчдийн тоо нэмэгдсээр байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож буй.

Монголчууд хэнэггүй, хайхрамжгүй зангаасаа болж эмчид урьдчилан сэргийлж үзлэг хийлгэж сураагүй улс. Иймдээ ч байнга хүндэрсэн шатандаа мэддэг. Гэхдээ өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг жамтайгаас хойш яалтай ч билээ. Бид өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, "өө нээрээ хавдрын гол шалтгаан болдог гэсэн" гээд хоорондоо шивэр авир ярилцаад өнгөрөөд баймааргүй байна.

Хавдар тусах шалтгаан болж буй хүчин зүйлүүд маш олон. Үүний нэг нь нийтээрээ хэрэглэдэг "хуванцар сав". Хүний эрүүл мэндэд хамгийн ихээр заналхийлдэг. Энэ талаар МХЕГ-ийнхан байнга иргэдэд сануулж, зах дээр худалдаалагдаж байгаа хөх, шар савнуудад шалгалт хийдэг. ШӨХТГ–аас гэр хорооллын айл, худалдааны төвүүд, ус түгээх газруудыг хамруулж бидний хэлж заншсанаар хөх савны хэрэглээний талаар иргэд хэр ойлголттой байдгийг судалж үзжээ.

“Нарантуул” худалдааны төвд хөх сав, канистер худалдаж байгаа хүмүүс 1.5 гэсэн тэмдэглэгээтэй савнаас бусад нь хортой гэдгийг огт мэдэхгүй байгаа нь уг судалгаанаас ажиглагдсан байна.

Иргэдэд хорт хавдар үүсгэдэг зүйл худалдаж байна хэмээн шаардлага тавихад иргэд ус, хоолоо хийх албагүй. Тос, шатахуун хийж болно гэсэн тайлбар өгсөн аж. Хуванцар савны хадгалалтын хугацаа ихсэх тусам хортой элементүүд өсч байгаа нь хүнсний зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Мөн хуванцар сав худалдаж байгаа хүмүүс иргэдэд ийм тэмдэглэгээтэй савыг хэрэглэж болно гэсэн хэмээн худал мэдээллийг хүртэл өгч байжээ.

Ийнхүү иргэд хэрэглээндээ хуванцар савыг хэрэглэж болохгүй юм чинь бидоноор усаа зөөж, айраг цагаан идээгээ хадгалахаар болж. Гэтэл энэ нь мөн л адил аюултай хэмээв. Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар усны хөнгөн цагаан саванд агуулагдах хүнд металлын хэмжээ буюу хар тугалга 122-250 дахин их, кадьми 10-53 дахин өндөр, төмөр хувинд төмөр 58-90 дахин, цайрын агууламжтай ойролцоо, хар тугалга 240-360 дахин, кадьми 33-70 дахин их агууламжтай байгааг тогтоожээ.

Ингээд иргэд чухам ямар сав, бидоныг хэрэглэх вэ гэдэг эргэлзээ төрөн гарч байгаа юм. Иймээс л иргэд "хортой" гэсээр байхад татгалзаж чадахгүй байгаагийн гол шалтгаан болоод байгаа юм. Тэгвэл ШӨХТГ–ын дэд дарга А.Ариунболд энэ талаар “ Хөтөлбөр боловсруулж дээд шатны байгуул­лагуудад өгнө. Хамгийн гол нь иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл өгөх нь чухал болоод байна. Манай байгууллагын үзэж буйгаар хоёр гарц байна. Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас бүр мөсөн хэрэглээг халъя. Тэгэхээр иргэд ус, хүнсээ ямар саванд хийж хадгалах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс зориулалтын саваар хангаж болно. Импортоор оруулж ирэх нь овор хэмжээ ихтэй учраас хамгийн гол гарц нь үйлдвэрлэх. Үйлдвэрлэхийн тулд зүгээр нэг тэмдэглэгээ тавиад орхих биш шинжилгээнд хамруулж, хяналт сайн тавих хэрэгтэй. Ямар ч байсан манай байгууллага ундны усны энэ асуудлыг Засгийн газарт хүртэл нь төсөл хөтөлбөр, санал боловсруулж ажиллана” гэв.

Улсын хэмжээнд зургаан сая сав эргэлдэж байгаа бөгөөд хотынхны 80 орчим хувь, хөдөөний хүмүүсийн 50-60 хувь нь хуванцар сав хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Үүнээс дүгнэн үзэхэд, биднийг дэндүү хэнэггүй зантай гэдэг нь харагдаж байгаа биз. Хавдраас бид өөрсдийгөө л хамгаалахгүй бол ниргэсэн хойноо хашгараад тусыг үл олно.

 

Х.Даваа

 

 

Холбоотой мэдээ:

 

Та "хар тугалга"-ны хэмжээ хэтэрээгүй хуванцар сав гэдгийг яаж мэдэх вэ?

Шинэ зууны хүмүүс “хуванцар сав” -наас татгалзвал...

Эрүүл мэндэд заналхийлж буй "хуванцар сав"