'

Улс эх орондоо өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Г.Шийлэгдамыг баривчилж, ажлаа өглөө Улс төрийн ээлжит баривчилгааны үе эхлээ юу гэлтэй. ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Гэхдээ АТГ-аас энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин МАХН-ынхан улс төрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж мэдээлээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр тэрбээр "Авилгатай тэмцэх газрын байцаагчид надад Эрүүгийн тусгай ангиар эрүү үүсгэж бусдаас их хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед би өрөөндөө хувийн зорилгоор, олон жилийн танил нөхрөөсөө авсан мөнгөө хадгалж байсан. Төрийн албан тушаалаа ашиглаж энэ мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн юм. Харин АТГ-аас энэ мөнгөнд эрүүгийн хэрэг үүсгэж хууль бусаар олсон эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг би сэвтээхгүйг хичээж байна. Өдөр шөнөгүй энхийн манаанд буй эрүүл мэндийн салбараа хүндэтгэж байгаа. Шалгаж буй нөхцөл байдал улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж багагүй хугацаа авах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Төрийн сайд өрөөндөө мөнгө хадгалж байсан нь олон хүнд эргэлзээ төрүүлж, олон түмний төрдөө итгэх итгэлд толбо суулгаж магадгүй. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлж тогтворгүй байдал үүсгэж магадгүй учраас би өөрийн хүсэлтээр сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгааг минь хүлээж авна уу. Намайг урьж ажиллуулсан МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад баярлалаа. Хэрэг үнэн зөвөөр шүүгдэж цагаадна гэдэгт итгэлтэй байгаа. Тэрний дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам өгүүлнэ" хэмээн өргөдөл өгснийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өчигдөр мэдээлэл хийхдээ дуулгав.

“Тэлмэн Констракшн” ХХК-г оршин суугчдын ордерийг барьцаалан зээл авсан уу?

Нийслэлийн Налайх дүүргийн 7-р хороонд “Тэлмэн Констракшн” ХХК 6000 айлын орон сууц барьж байгаагаа сүржин зарлаж байсан ч бодит байдал дээрээ барилгын ажил даржин байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Оршин суугчбыг хүндрүүлж байгаа тохиолдол үүгээр дууссангүй. Энэ удаад залилангийн хэрэг хийсэн байж болзошгүй байна.

2013 оноос эхлэн захиалга авч байсан “Шинэ Налайх” хороолол 2014 оны 02-р сард ашиглалтад орох ёстой байсан. Гэвч захиалга өгсөн хүмүүсийг хохироож, хэл амтайхан шиг 2015 оны 07-р сард ашиглалтад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл ашиглалтад өгөх ёстой хугацаанаасаа 1.6 жилийн дараа айлуудыг оруулсан байгаа юм. Оршин суугчдийн хувьд байрандаа орсноор хэл ам дууссангүй. “Тэлмэн Констракшн” ХХК оршин суугчдийг залилсан байж болзошгүй байна. Тодруулбал тус байрны оршин суугчдийн байрны ордерийг өгөөгүй байна. Оршин суугчид ордероо авъя гэж уулзахад өнөөдөр маргааш хэмээн хугацаа заадаг ажээ.

“Тэлмэн Констракшн” ХХК 80 гаруй айлын ордерийг банканд барьцаанд тавин зээл авсан гэдгийг “Шинэ Налайх” хорооллын оршин суугчид хэлж байна. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Тэлмэн Констракшн” ХХК-ны орлогч захирал н.Дэмбэрэлсайхантай уулзах цаг авахаар удаа дараа холбогдсон боловч утсаа аваагүй юм. Улмаар тус компани сурталчилгааны самбарт байршуулсан дугаарууд руу залгахад дийлэнх нь төлбөрийн тооцоогоо хийгээгүй байсан. Тус компанийн борлуулалтын менежер Хулан тань руу албан ёсны хариу өгөх хzүнийг холбож өгнө гэсэн боловч одоог хүртэл холбосонгүй. Тэгвэл “Тэлмэн Констракшн” ХХК 80 гаруй айлын ордерийг банканд барьцаалан зээл авсан эсэхийг тодруулахаар Төрийн банкны зээлийн мэргэжилтнүүдтэй холбогдоход: Зээлтэй нь үнэн. Ордер барьцаалсан эсэх болон зээлийн хэмжээний талаархи мэдээллийг өгөхгүй гэв.

Харин “Шинэ Налайх” хорооллын оршин суугчид “Тэлмэн Констракшн” ХХК ордер барьцаалж зээл авсан нь үнэн. Ордероо авъя гэхээр хүмүүс орон сууц худалдан авсан тохиолдолд барьцаанаас нэг нэгээр нь авч өгье, өнөөдөр маргааш хэмээн тайлбарладаг байна.

“Тэлмэн Констракшн” ХХК-ний энэ үйлдэл нь залилангийн шинж чанартай үйлдэл гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодруулбал “Тэлмэн Констракшн” ХХК оршин суугчид төлбөрөө 100 хувь барагдуулан, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үед мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьж байгаа нь Эрүүгийн хуулийн 150 буюу бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл юм. Тодруулбал уг хуулийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа. Тиймээс “Тэлмэн Констракшн” ХХК-ийг цагдаагийн байгууллагад өгч асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг хэлж байлаа.

Хилчдэд агт морь бэлэглэжээ Хөвсгөл аймаг дахь хилийн 0257 дугаар ангид тус нутгийн малчид 15 агт морьдыг хилчдэд гардуулжээ. Улсын хил хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчин бүрт гурван уналгын морь олговол уналгын бүрэн байдлыг хангадаг гэнэ.

Хөвсгөл аймгийн 314 мянгат малчид санаачилга гарган хил хамгаалах үйл ажиллагаанд зориулж, нэг агт морь хандивлахыг хүсч “Нэг мянгат-нэг агт” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлжээ. Энэ хөдөлгөөнд Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумын иргэд идэвхитэй оролцож, 15 агт морьдыг хилчдэд гардуулав.

Уг нутгийн хилийн орчмын хэсгүүдээр хур тунадас ихээр унадаг, байгалийн бартаа ихтэй, өндөр уул, сарьдаг, хад асга, гуу жалга, гол мөрөн, намаг шалбаагтай ой тайгын хэсгээр хилчид явж үүрэг гүйцэтгэдэг байна. Хилчид хилийн манаанд морин уналгатайгаар 10 хоногоос нэг сарын хугацаатай үүрэг гүйцэтгэдэг учир морьдыг эргэж уналгын эдэлгээ даах хүртэл доод тал нь хоёр сар унаж болдоггүй аж.

Монгол Улсын хоймор нутагт байрлах Хөвсгөл аймаг хойд талаараа ОХУ-ын Тува, Буриад улсын муж, аймаг хоттой Монгол улсын хилийн 8/1 хэсэг болох 1027 км нутгаар Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумуудтай хил залгаа оршдог.

Махны үнэ 40-175 төгрөгөөр буурчээ Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5690 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 40 төгрөгөөр, үхрийн цул мах 175 төгрөгөөр буурчээ. “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөгөөр худалдаалагдлаа.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр өсч, харин хонины цул мах 100 төгрөгөөр буурав. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг байна. Харин захуудад “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэтэй байна.

“Атар” талх: хүнсний зах, дэлгүүрт 1019-1210 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалав.

Төмс, хүнсний ногоо: өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10 төгрөгөөр буурчээ.

Ирэх оны төсөвт шатахууны үнийг 100 хувь нэмнэ Ирэх оны төсвийн тодотголыг дараа долоо хоногт хэлэлцэнэ. Энэ үеэр гишүүд бензин шатахууны үнийг 100 хувь нэмэх хүсэлтэй байгаа ажээ.

Тодруулбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төсвийн алдагдлыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаврын дагуу Сангийн сайд Б.Болор өнгөрөгч аравдугаар сард уг төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд уг тогтоолын төсөлд дурьдсанаар “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурч, үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдээд байна” гэжээ.

Сангийн яамныхны төлөвлөснөөр 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж үзэж байгаа юм байна.

431-р ангиас 50 гаруй, 409-р ангиас 40 гаруй ялтан суллагдлаа Өршөөлийн хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Ингэснээр Монгол улсын хэмжээнд ял эдэлж байгаа 1700 орчим хүн өршөөлд хамрагдаж, 730 нь шууд суллагдах бол 970 нь хорих ялаасаа хоёр жил хасуулах боломжтой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн байгууллага хорих ангиудад ажиллан шүүх хурлуудыг хийж байна. Өнөөдөр манай сурвалжлах хэсэг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран хорих 409 болон 431-р ангиудад ажилласныг хүргэж байна.

Хорих 409-р анги. Баривчлан саатуулах анги. Одоогоор 50 гаруй ялтан уг хорих ангид ял эдэлж байгаа. Нэг хүн нэг өрөөнд хоригддог бөгөөд ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй. Уг хорих ангид 3-6 сарын хорих ялтай хүмүүс саатуулагддаг. Тус хорих ангийн бүх ялтан энэ удаагийн өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хорих ангид ажиллаж өнөөдөр 50 гаруй хүнийг ялыг өршөөлд хамруулах шүүх хурлуудыг хийлээ.

Өдрийн сурвалжлагыг эндээс уншина уу

Дамжин суулт үнэгүй боллоо Хоёр дахь автобусандаа дамжин сууж байгаа зорчигч өнөөдрөөс үнэгүй зорчиж эхлээд байна.

Ингэхдээ нийтийн тээврээр үйлчилүүлсэн зорчигч нь сэлгэн суусан автобусандаа 30 минутын дотор амжиж үйлчлүүлсэн нөхцөлд дээрх хөнгөлөлт эдэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний автобусандаа 500 төгрөг төлж, дараагийн автобусанд 30 минутад багтаж суусан нөхцөлд үнэгүй зорчих эрхийг эдэлж байгааг дуулгая. Энэ боломжийг нийтийн тээврийн цахим карттай бүхэн эдэлнэ.

Онцолоход, НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас өнгөрсөн сард нийтийн тээврийн сэлгэн суултыг хөнгөвчлөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан нь арваннэгдүгээр сарын 7-ноос буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

 

Тоймыг бэлтгэсэн:Х.Даваа