Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” багийнхан улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулхаар илгээгдэж байгаа юм байна. Түүнчлэн Уул уурхайн яам “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдэж, Дэд сайд О.Эрдэнэбулган залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

   Уул уурхайн салбарт ажиллах гавшгай залуучууд 07-р сарын 23-нд замдаа гарч, 24-ны өдрөөс эхлэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр – ГОК, "Багануур" ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялагын менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй 2, 3-р курсын оюутнууд нэг сарын хугацаанд ажиллахаар явж байна.

   Оюутан залуучуудыг ажлын гараанд илгээж, зуны амралтаараа ажилтай, орлоготой байх боломжийг олгож байгаа энэ ажил ямар их эрэлттэй байсан нь илгээгдэж байгаа залуучуудын сэтгэгдлээс мэдрэгдэж байлаа. Энэхүү төсөлд хамрагдаж байгаа оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компаний зүгээс нэмэлт урамшууллыг олгох гэнэ. Залуустаа ажлын өндөр амжилт хүсье.