Бусдыг амиа хорлоход хүргэсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Харин өөрийнхөө амийг хорлохыг завдвал... гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс өнөөдрийг хүртэл амиа хорлохыг завдсан хүмүүс ямар нэг хариуцлага хүлээгээгүй ирсэн.

 

Өчигдрийн үйл явдлын дүрс бичлэгт иргэн С.Эрдэнийг шатах үед ард нь хоёр хүн зогсож байна. Энэ хоёр хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж мэдүүлэг авахаар болсон. Учир нь хамт явсан хүмүүс өөрийгөө шатаах үйлдэл хийнэ гэдгийг мэдэж байсан эсвэл түүнийг өөрийгөө шатаахад шахалт үзүүлсэн, шатаах санал гаргасан зэрэг үйлдэл хийсэн бол эрүүгийн хуулийн 95.1т заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

Гэвч тухайн хоёр иргэний хувьд амиа хорлохыг мэдээгүй гэж мэдүүлж байна. Тэгвэл түүнийг амиа хорлоход хүргээд буй өнөөдрийн төр засгийн удирдлагууд хийгээд "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд энэ зүйл ангиар шалгуулж таарах уу.

 

Өмнө нь 1990-ээд онд ардчилалын анхдагчдын нэг Бошигт амиа өөрийг шатааж байсан. Түүнд хариуцлага тооцоогүй. Өнгөрсөн жил гэр бүлтэйгээ маргалдсан эр өндөр хүчдэлийн шугамд авирч амиа хорлохоор сүрдүүлж байсан. Түүнд бас л хариуцлага тооцоогүй. Сануулга өгөөд явуулсан. Гэтэл тухайн иргэнээс болж олон арван айл тог цахилгаангүй болж хохирсон.

 

Амиа хорлолт эсвэл амиа хорлох оролдлого нийгэмд сөрөг үр дагавартай. Тодруулбал олон нийтэд цацагдсан энэ үйлдэл хэн нэгэн хүнийг сэтгэл зүй тогтворгүй байх үедээ амиа хорлоё гэсэн сэдэл төрүүлдэг гэж сэтгэл судлаачид үздэг.

 

Энэ үзэгдэл цаашид даамжирвал цагдаа эрх үүргийнхээ дагуу хэвлэлийн хурал бүр дээр очиж хамгаалалтанд гарч, иргэдийн амгалан тайван байдлыг сахидаг болох уу?

 

Харин үг хэлээ чөлөөтэй илэрхийлэх ёстой иргэдийн эрх ашиг энэ байдлаас болж боогдох уу гээд л олон асуудал урган гарч байгаа юм.

24tsag.mn