Гэр хорооллын орлого багатай иргэдийг түрээсийн нөхцөлтэйгөөр орон сууцжуулна гэж нийслэлээс төлөвлөж байна. Метр квадрат нь сая нэг зуун мянгаар үнэлэгдэх 10 мянган айлын орон сууц нийслэлд 2017 оноос баригдаж эхэлнэ. Энэ төслийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх юм.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманнтай энэ талаар ярилцлаа.

-Гэр хорооллынхныг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой энэ төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас яаж хийх вэ. Хөнгөлөлттэй зээлээр үү?

-10 сая орчим ам.доллар нь нийслэлийн санхүүжилтээс гарна гэсэн яриа бий. Азийн хөгжлийн банкнаас бусад санхүүжилтийг нь гаргаж байгаа. Гэхдээ Засгийн газарт олгож байгаа зээл гэж ойлгож болно. Тэгэхээр Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих төсөл гэсэн үг. Нийслэлээс гарах санхүүжилтийг аль болох бага байлгахыг хичээж байна.

-Азийн хөгжлийн банкнаас засагт өгөх зээлийн давуу тал нь юу вэ?

-Хоёр төрлийн зээлийн эх үүсвэр орж ирнэ гэж яригдаж байгаа. Хөнгөлөлттэй болон хөнгөлөлттэй биш гэсэн ялгаатай. Гэхдээ энэ хоёр зээлийн нөхцөл нь нэлээд дөхүү. Эрс ялгаа байхгүй. Хоёр төрлийн зээлийн хувьд зээлийн гэрээ батлагдсанаас хойш эхний таван жилдээ зээлдээ юу ч төлөхгүй. Тодруулж хэлбэл үндсэн зээл, хүүгийн аль алийг нь төлөхгүй гэсэн давуу талтай. Бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Зээл эцсийн байдлаар яаж шийдэгдэх нь яг таг тодорхой биш байгаа. Гэхдээ хугацааны хувьд зээлээ 20-25 жилийн хугацаанд эргүүлж төлөх нөхцөл тавих байх.

-Хүү нь хэчнээн хувь байх талаар таамаг тооцоо бий юү?

-Жилийн 2-3 хувийн хүүтэй байх болов уу. Хөнгөлөлтгүй, ердийн эх үүсвэрээс гарч байгаа зээл нь зах зээлийн ханшаар, олон улсын санхүүгийн зах зээл дээр лайбор хувь хэд байна, түүгээр тооцогдоно байх.

-Энэ төсөлд хөрөнгө оруулах болсон гол шалтгаан юу байв?

-Тав тухтай орчинд амьдрах бол хүний зайлшгүй хэрэгцээ. Тийм болохоор Азийн хөгжлийн банк ийм төслүүд рүү илүүтэй анхаарч, хөрөнгө оруулалт хийж байгаа. Улаанбаатар хотын дунджаас доогуур нөхцөлд амьдардаг иргэдэд хамгийн наад захын тулгардаг асуудал бол орон сууц, амьдрах орчин байдаг. Тэр утгаараа оролцохоос аргагүй төсөл. Эхлээд бид гэр хороололд гол дэд бүтцүүдийг байгуулах ажилд оролцсон. Одоо төсөл маань өргөжиж байгаа. Нэг тод илрэл нь гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад анхаарсан энэ төсөл.

Хотын дэд бүтцээс гадна нийгэм талаас нь давхар хөгжүүлэх шаардлага бий. Цэцэрлэгт хүрээлэн, сургууль гэх мэт амьдрах орчныг цогцоор нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах бодлого барьж байна.

-Төслийн барилгын явцад 70-100 мянган ажлын байр бий болно гэсэн тоо дуулдсан. Барилга барих компаниудын хувьд үндэсний аж ахуйн нэгжүүдээс сонгох уу, эсвэл олон улсын тендер зарлах уу, тодорхой таамаг байна уу?

-Төсөл яг ямар байдлаар хэрэгжих нь нарийвчилж шийдэгдээгүй байхад яг төчнөөн ажлын байр шинээр бий болно гэж хэлэхэд эрт. Мэдээж энэ том төсөлд үндэсний компаниуд идэвхтэй оролцох байх. Олон улсын хэмжээний компаниуд тендер шалгаруулалтаар оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Урьдчилж хэлэх боломжгүй.

-Түрээсийн нөхцөлөөр өгөх орон сууцны метр квадратыг сая хоёр зуун мянган төгрөгөөр үнэлэх багцаа тооцоог нийслэлээс мэдээлсэн. Энэ тал дээр Азийн хөгжлийн банкны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний орон сууцаар хангахыг зорьж буй хэсгийн худалдаж авах чадвар тийм өндөр биш. Улаанбаатар хотын иргэдийн дундаас доогуур давхаргынхны хувьд орон сууц худалдаж авах чадвар нь сая хоёр зуун мянган төгрөг гэсэн баримжаа бий. Гэтэл зах зээл буюу барилгын компаниудын нийлүүлэх боломжтой үнэ нь сая дөрвөн зуун мянган төгрөг. Ингээд харахаар зөрөө гарах нь тодорхой болчихоод байдаг. Энэ зөрөөг татаас хэлбэрээр шийдэх үү, эсвэл барилгын компаниудад хямд өртгөөр барилга барих боломжийг өгөх гарц хайх уу гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Үүнийг төсөл хэрэгжих явцад шийдэх байх. Энэ төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлнэ.

-Азийн хөгжлийн банк олон улсад ийм агуулгатай төсөлд санхүүжилт хийж ажилласан байх. Монголд хэрэгжүүлэх гэж байгаа шиг ийм төслийг амжилттай хэрэгжүүлсэн улс байна уу?

-Азийн хөгжлийн банк орон сууцжуулах чигийн төслүүд рүү саяхнаас л орж эхэлж байна. Мэдээж өөр туршлагууд бий. Энэ төслийг Монголын нөхцөлд хамгийн сайнаар тохируулахад л анхаарлаа хандуулж байна. Жишээ нь Сингапурт орон сууцжуулах ийм төсөл амжилттай хэрэгжсэн байлаа гэхэд тэр улсын жишээ, туршлагаас авах ямар ч боломжгүй. Монголын онцлогт хэр нийцсэн бэ гэдэгт л анхаарлаа хандуулж байгаа. Азийн хөгжлийн банк өмнө нь өөр улсад Засгийн газраас нь хэрэгжүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрт оролцож байсан. Хувийн хэвшлийн оролцоотой орон сууцжуулах хөтөлбөрийг ч хэрэгжүүлж байсан юм. Монголд хэрэгжүүлэх гэж байгаа энэ төслийн хувьд онцлог, шинэлэг талтай. Засгийн газар, хувийн хэвшлийн аль алиных нь оролцоотой хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх гэж байна. Асуудлыг цогцоор нь шийдэх тал дээр их анхаарч байна.

-Нийслэлийн хувьд тодорхой байршлуудыг урьдчилж зарласан. Азийн хөгжлийн банкинд энэ тал дээр санаа оноо хэлэх сонирхол байгаа юу?

-Орон сууц барих байршлыг эцсийн байдлаар тогтоогүй байгаа. Нийслэл, иргэд, барилгын ажилд оролцох хувийн хэвшил гэсэн талуудын саналыг тусгаж байж эцсийн шийдэл гарна. Одоогоор тодорхой болсон мэдээлэл гэвэл 130 га газарт орон сууцны хороолол барина. Гэр хорооллыг барилгажуулах төсөлтэй уялдуулах боломжтой гэж харж байгаа.