Цахим шуудангийн луйвар болон цахим хэлбэрээр хүний нэр төрд халдах, оюуны өмчтэй хэрэг цөөнгүй гарах болсон. Гэтэл манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан хууль байхгүй гэж холбогдох байгууллагынхан хэлж байна. Харилцаа холбооны зохицуулах газрын журам байдаг ч энэ журам нь хангалтгүй хүний эрхийг хамгаалах түвшинд биш ажээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн зүйлээр технологийн үсрэнгүй хурдаар хөгжиж байгаа кибер орон зай дах нийгмийн харилцааг зохих төвшинд хамгаалан зохицуулахад учир дутагдалтай.

Цахим гэмт хэргийн улмаас 31 иргэн, байгууллага 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэдгийг Цагдаагийн байгууллага мэдээлсэн. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд цахим засаглалын тухай хуулийг батлах шаардлагатай гэдгийг Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэлсэн юм. Тэрбээр “Шинжлэх ухааны байгууллагууд өөрсдөө мэдээллийн технологийн эрх зүйг олон улсын түвшинд судлаад цаашид гарч болох эрсдэлүүдээс яаж урьдчилан сэргийлэх талаар онолын түвшинд гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийг судлаад эрх зүйн орчинд суулгах хэрэгтэй. Сайт дээр сэтгэгдэл бичихэд түүнийг хэн хянах нь одоо хүртэл мэдэгдэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас ноцтой хохирол учруулсан этгээдийн IP хөөгөөд илрүүлдэг ч түүнийг шийтгэх эрх зүйн орчин байдаггүй” гэсэн юм.

Цагдаагийн байгууллагаас ноцтой хохирол учруулсан этгээдийн IP хөөгөөд илрүүлдэг ч түүнийг шийтгэх эрх зүйн орчин байдаггүй

Олон нийтийн цахим хэрэгслээр тухайн хүний нэр төрд халдах, цахим гэмт хэрэг, халдлага гарлаа гэхэд манай улсад сэжигтэй үйлдлийг илрүүлэх техник хэрэгсэл байдаггүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байдаг. Үндэсний хэмжээнд “кибер эрх зүйн” тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалтын механизм эхний шатандаа байна.

Эдүгээ дэлхийн олон улс орон кибер гэмт хэргийн тухай хууль тогтоомждоо шинээр тусгаж, үндэсний эрх зүйн хэм хэмжээг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж байна. Нөгөө талаас цөөнгүй улс оронд кибер гэмт хэргийн талаар тусгайлан зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох боломжгүй байсаар байна.

Иймээс хүний эрхийн байгууллага, мэдээлэл технологийн байгууллагатай хамтран цахим засаглалын хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна.

 

Т.Буянаа