Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд чиглүүлэхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл уг мэдэгдэл ирэх онд ажил хэрэг болохоор болсон юм. Тодруулбал, Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхэд авна.

Энэ талаар ХАНХНХЯ-ны нийгмийн халамжийн албаны дарга Б.Алтантулга "Судалгаанд хамрагдсан нийт өрхөө 1-20 бүлэг болгож эрэмбэлсэн. 1-17-р бүлэгт хамрагдсан хүүхдүүд маань энэ мөнгийг авна. Ойролцоогоор өнөөдөр хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн 83 орчим хувь нь хамрагдаж байгаа юм" хэмээн тайлбар өгөв.

Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин дээгүүр айлын хүүхдүүд энэхүү халамжийн мөнгийг авахгүй гэсэн үг юм. Ингэснээр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй. Ийнхүү ялгавартай олгох болсны шалтгаан нь жил ирэх тусам төрөлт ихсэж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Анх Засгийн 70-р тогтоол гарч, 2012 оноос эхлэн хүүхдийн мөнгийг 900 гаруй мянган хүүхдэд өгдөг байжээ. Тэгвэл энэ онд нэг сая 25 мянга болж өсчээ.

Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийн зарлага: 2012 онд 848 тэрбум, 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг байх юм. Харин ирэх 2016 онд 144 тэрбум төгрөг болж буурчээ.

Ийнхүү хүүхдэд олгох тэтгэмжийн мөнгө 102 тэрбум төгрөгөөр буурсан нь эдийн засаг хямралтай энэ цагт төсөв хэмнэлтийн бас нэг арга гэж эрх баригчид үзэж байгаа бололтой. Гэхдээ хүүхдийн мөнгө авч байсан хүүхдүүдийн 83 хувь нь хамрагдаж чаджээ.